Тэгш хамруулах боловсролыг олон нийтэд танилцууллаа

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслөөс “Тэгш хамруулах боловсрол” олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлыг 2023 оны 10 дугаар сарын 26-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн урлагийн зааланд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ирсэн эцэг эх, багш нар, хүүхэд, залуучууд мэргэжлийн байгууллагуудаас тэгш хамруулах боловсролын талаар үнэ төлбөргүй мэдээлэл, зөвлөгөө авсан юм.

“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2″ төслийн ажилтан Г.Уянга “Бид тэгш хамруулах боловсролын талаар эцэг эх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор нэг өдрийн нөлөөллийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн нөлөөллийн ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран, илүү өргөн хүрээнд олон нийтийг хамруулж байгаагаараа онцлогтой байна. Энэхүү арга хэмжээний үеэр 300 гаруй багш, эцэг эх, сурагчид өөрсдийн сонирхсон чиглэлээр мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл, зөвлөгөө авч тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах, харилцах талаар мэдлэг ойлголтоо бэхжүүллээ” хэмээн ярилаа.

“Тэгш хамруулах боловсрол” олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлын хамтрагчаар Монголын Аутизмын холбоо, Монголын Дауны холбоо, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Сонсголгүйн боловсрол ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Төслийн зорилтот сургуулийн СӨУЗ гишүүд, багш нар оролцов.

Монголын Аутизмын холбооны Удирдах Зөвлөлийн тэргүүн А.Амарбуян “Багш нарт аутизмтай хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар мэдээлэл, зөвлөгөө авах хэрэгцээ гарч байгаа. Тиймээс ганцаарчилсан зөвлөгөө авч байгаагаараа давуу талтай. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах талаар зөвлөгөө авч байна. Ирж мэдээлэл авах боломж гарснаараа ач холбогдолтой” гэв.

Арга хэмжээнд оролцсон Баянзүрх дүүргийн 16-р хорооны иргэн Ч.Үүрийнтуяа “Их хэрэгтэй арга хэмжээ боллоо. Мэргэжлийн хүмүүстэй биечлэн уулзаж, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, сургах талаар мэдээлэл авах боломж бүрдүүлж өгсөн байна” гэж хэллээ.