Хичээл зүтгэл, хамтын хөдөлмөр ба “Эко хүнс”-ийн ногоонууд
Намрын нар ээсэн дулаахан нэгэн өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3 сурагчтай зуны улиралд хэрэгжүүлсэн төслийнх нь талаар ярилцаж байхдаа энэ түүхийг үе тэнгийн найзууд болон бусад хүмүүст уншуулах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.
Энэ амжилтын түүхийн эзэд бол Баянтэс сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч Б.Санжааханд, Б.Эрдэнэзуу, Н.Болормаа нар юм. Эдгээр сурагчид Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” төслийн 5 дахь удаагийн ESEL сургалтын төгсөгчид. Тэд Entrepreneur seeds пич уралдаанд “Эко хүнс” төслөө танилцуулан 3,455,000 төгрөгийн буцалтгүй санхүүжилт авч бизнесийн санаагаа хэрэгжүүлэх эрхтэй болжээ.
Багийнхан бичил төслийнхөө санааг анх олохдоо гишүүн бүр 5 санал дэвшүүлж түүнээсээ сонгоход давхацсан ганц нь сумандаа нарийн ногоо тариалах байв. Энэ санаа амжилт олох, суманд нь зайлшгүй хэрэгцээтэй хэмээн төсөл болгон бичсэн байна. Баянтэс суманд хүлэмжинд нарийн ногоо тариалдаг албан байгууллага, хүмүүс байхгүй, төмс, лууван зэрэг өргөн хэрэглээний хүнсний ногоогоо Улиастай сум эсвэл Улаанбаатар хотоос тээвэрлэж зардаг тул ашигтай гэдэг нь тодорхой байв. Төслөө бичихдээ ESEL сургалтын зөвлөх Монгол хэл, уран зохиолын багш И.Ариунаагаас зөвлөгөө авч, хамтран ажиллахаар болжээ. Энэ талаар Б.Санжааханд “Багш бидэнд итгэж, та нар чадна, сайхан санаа байна хэмээн урамшуулсан. Төслөө тэнцэх эсэхийг нь ч мэдэхгүй боловсруулахдаа хэн ямар үүрэгтэй ногоогоо тарих, услах, арчилахаа тус бүрдээ төсөөлж байснаа сүүлд нь мэдээд их гайхсан. Төслөө хэрэгжүүлж байгаа юм шиг төсөөлж бичсэн нь нөлөөлсөн ч юм уу бодож, хэрэгжүүлэхдээ яг тэр чигээр нь хуваарилж хийсэн” хэмээн ярьж байлаа.
Төслийн санхүүжилтээр 7:8 харьцаатай 3 хүлэмж, 4 төрлийн нарийн ногооны үр, дулаан дамжуулагч утаслаг, дуслын хошуу, цэцэг услагч сав, ус нөөцлөх болон зөөх савыг Улаанбаатар хотоос захиж авчээ. Баянтэс сум Монгол орны хойд хилтэй залгаа, Улаанбатаар хотоос 1300 км зайтай тул захиалсан бүтээгдэхүүнээ 6 дугаар сарын сүүлээр авч, ногоо тарилах хугацаа харьцангуй оройтсон ч үр дүнгээ үзэхээр шийдэцгээв. Тус сум эрс тэс уур амьсгалтай, өнгөрсөн өвөл Монгол орны хэмжээнд хамгийн их цас орсон нутаг дэвсгэрийн нэг байсан бөгөөд 6-р сарын дундуур ч зарим газрын цас хайлаагүй байх тохиолдол элбэг. Багийн гишүүн Б.Эрдэнэзуугийн хашаанд хүлэмжээ байршуулснаар манах, мал амьтнаас хамгаалах зөв сонголт байсан талаар бас алдаагаа ч нуулгүй ярих нь сурагч насных нь хамгийн үр бүтээлтэй, хариуцлагатай зун мөн байсныг илтгэнэ. Төслийнхөн ус нөөцлөх саваа тэргээр дүүргүүлж, зарим үед өөрсдөө гол, худгаас усаа зөөж ногоонуудаа арчилж эхэлсэн байна.
Нийт 4 төрлийн нарийн ногоо тарьсан бөгөөл сибирийн 3 төрлийн лооль, өргөст хэмх, цэцэгт байцаа үрслүүлэн тарьж, 250 кг орчим ургац хураан авч сумынхаа иргэдэд зарж борлуулан, өөрсдөө ч бас багахан хэмжээтэйг гэрийнхэн болон багш нартаа бэлэглэжээ. Харин цэцэгт байцаа нь л огт ургасангүй. Гэхдээ шантралгүй дахин судалснаар сэрүүдүүлсэн гэдгээ мэдэж, дараа жил дулаалж ургуулж болох талаар мэргэжилтнээр зөвлүүлжээ. Тэд соёолсон ногоон үрийг хараад баярлаж, илүү сайн ургуулахын тулд өглөө бүр 6.00 цагт босож бордоо, усаа бэлтгээд, 7.00 цагт зэрлэг ургамлаа түүж, 8.00 цаг гэхэд бүх арчилгаагаа дуусгачихдаг эртэч болсноо анзаарсан байна. Ганцхан интернэтээс авсан мэдээллээр ногоо тарих дутагдалтайг ойлгож зэргэлдээх Тэс сумаас хүлэмжинд ногоо тарьдаг хүнийг олж, утсаар зөвлөгөө авсан нь маш их хэрэг болжээ. Баянтэс, Тэс сумууд адилхан цаг агаартай тул хэрэгтэй зөвлөгөө байв.
“Эко хүнс”-ийнхэн чөлөөт цагаараа олон нийтийн сүлжээ бус ногоо арчилах, бордох, химийн гаралгүй бордоо хэрхэн бэлтгэх талаарх мэдээллүүдийг уншиж, гар аргаар халгай ургамлын бордоо хийж туршжээ. Энэ бордоогоо бага багаар хөрсөндөө шингээн ашиглаж сурснаар улаан лооль, сибирийн сортын 2 лооль нь сайн ургасан аж. Сурагчид ногоогоо 7 сарын эхээр хүлэмжиндээ тарьж, 9 дүгээр сарын дундаас анхны ургацаа хураан борлуулж эхэлсэн байна. Өргөс хэмх 105 кг, 4 төрлийн лооль 150 кг, нийт 250 кг ногоо хураан авч кг бүрийг 6000 төгрөгөөр зарж, нийт 1,500,000 төгрөгийн орлого олжээ.
Өдөр бүр үүрээр босож хөдөлмөрлөснийхөө үр дүнг үзэж баярласан сэтгэл зөвхөн багийнхны биш сургууль хамт олон, багш нар, гэр бүлийнхнийх байж, урам зориг авсан байна. Н.Болормаа “Бид сургуулиа төгстлөө хүлэмжийн ногооныхоо бизнесийг үргэлжлүүлж, дараа ангийн дүү нартаа өвлүүлэх зорилготой. Өөрөө тариад ургуулсан ногоогоо амсах үе бол ялсан, асуудлаа шийдсэн, чадсан амттай мэдрэмж байсан. Ийм мэдрэмж л хүнд урагшлах эрч хүч өгдөг юм байна” хэмээн ярилаа. Сурагчид сумандаа өвлийн хүлэмжтэй болох, сумынхан нарийн ногоо хэрэглэх боломж бий болгох эрмэлзэлтэй төдийгүй түүнийгээ биелүүлэх итгэл дүүрэн байна. Хүлэмжинд ногоо тарина гэхэд итгэхгүй ер нь ургах болов уу даа гэж болгоомжилж байсан тэдний гэрийхэн нь үр дүн гарсны дараа “Бие дааж аливааг хийж сурсан цагт тэр чадварыг та нараас хэн ч авч чадахгүй, мундаг байна” хэмээн урамшуулжээ.
Тэдний ажил саад бэрхшээлийг тойрсонгүй. Улаан лоолио болохыг хүлээж байгаад 9 дүгээр сарын гэнэтийн хүйтэнд хайруулж хөлдөөсөн ч ногооноор нь хурааж аваад дулаан тасалгаанд хадгалж, болцыг гүйцээдэг тухай дараа нь мэдээд харамссан ч “Дараагийн удаа алдахгүй байхад болно” гэх бодлоор сэтгэлээ зассан байна. Багийнхан орлогоосоо хичээлийн хэрэгсэл зэргээ авсан бөгөөд дараа жил тарих үрийн ногоогоо авах хадгаламжаа ч үүсгэж амжиж. Аливаа ажлыг хийнэ гэдэг төлөвлөх бас дахин төлөвлөх ч хэрэгжүүлэх цагийн менежменттэй болох хамгийн чухлыг ойлгон, хэрэгжүүлж чадсандаа олзуурхаж байгаагаа хэлэв.
Н.Болормаа, Б.Эрдэнэзуу, Б.Санжааханд нар ажлынхаа үр дүнд ашиг олохдоо бус сурагч насандаа үр бүтээлтэй, хариуцлагатай, аливаа зүйлд тэмүүлэн зорьж, түүнийгээ хамтдаа бүтээвэл амжилтад хүрч болох тухай амьдралын хамгийн том хичээлийг олж авч чадсандаа баяртай байгаагаа Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд дамжуулж өгөөрэй хэмээн хүссэн юм.
Монгол орны 25 аймаг 39 сургуульд тарьж буй ESEL үр соёолон ургасаар л байна.
Амжилтын түүх бичсэн Завхан салбарын зохицуулагч П.Дөлгөөн