ESEL сургалтаас эхлэлтэй эерэг өөрчлөлтүүд

Монгол орны баруун хязгаар, Ховд аймгийн Мөст сум. Гарааны жижиг бизнес дэх сорилт бэрхшээл, алдаа оноо, амжилт ололтыг энэ түүх өгүүлнэ.

“Санхүүгийн хувьд бусдаас хамааралгүй болоод ирэхээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, хүчтэй болж байгаа шиг мэдрэмж төрдөг юм билээ. Бидний мөрөөдөл өдрөөс өдөрт томорч байгаа” хэмээн ярих залуучууд бол Ховд аймгийн Мөст сумын Насан туршийн боловсролын төвийн суралцагч, “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох”  төслийн үр шимийг хүртэгч “Ялалт кейк хаус” кофе шоп ажиллуулдаг нэг гэр бүлийн хоёр Ц.Аззаяа, Б.Галцогт нар юм.

Ц.Аззаяа нөхөр Б.Галцогтын хамт төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалт, үйл ажиллагаанд хамрагдан, идэвхтэй оролцсоноор амьдралд нь эерэг өөрчлөлт гарсан тухай ийнхүү өгүүлсэн юм. Анх Мөст сумын Насан туршийн боловсролын төвийн Б.Нямцэцэг багш маань хувь хүний ур чадварыг хөгжүүлэх ийм сургалт болно гэж хэлсэн. Би ESEL сургалтын 2021 оны хаврын элсэлтээр элсэн суралцсан юм. Сургалт сонирхолтой, мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй, амьдралд их ойрхон, сургуульд заадаггүй зүйлсийг зааж байсан учир нөхрөө “ятгаж” ESEL сургалтын 2022 оны намрын хосолсон ангид элсүүлсэн. “Нөхөр бид хоёр ESEL сургалтаас сэдэл авч, эрэл хайгуул хийж байх үед буюу 2022 оны 3 дугаар сард “Энтрепренер Seeds” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж, бид “Healthy life” төслөөр оролцон шалгарсан юм. Гэхдээ шүүгч нар иогийн албан ёсны багшлах эрхтэй болсны дараа төслөө хэрэгжүүлэх нь дээр гэж зөвлөсөн. Би ч “Иогийн багш болж, төслийнхөө гэрээг хийнэ дээ гэж бодож байсан ч иогийн багш болох сургалтын төлбөр гурван сая төгрөг байсан тул санхүүгийн боломжоос шалтгаалан суралцаж чадаагүй. Гэхдээ бид бууж өгөөгүй” хэмээн Ц.Аззаяа ярилаа.

Гэр бүлийн хоёр маань эхний төслөө хэрэгжүүлж чадаагүй ч дахин өөр төсөл бичин шалгаруулалтад оролцоно гэж сэтгэл шулуудаж, бэлтгэлээ хангав. Ц.Аззаяа өмнө нь цалинтай ээжийн 50 мянган төгрөгөөр бялуу жигнэх хэрэгсэл авч, хадам ахынхаа жижиг гэрийг барьж, өдөрт 20-30 ширхэг аяган бялуу хийдэг байжээ. Бялуугаа сумын дэлгүүрээр дамжуулан борлуулж, өдөртөө 20,000-30,000 төгрөг олдог ч, хараахан өргөжүүлж чадаагүй байсан энэ бизнес санаагаа төсөл болгон бэлдэв. Удалгүй 2023 онд “Энтрепренер Seeds” тэтгэлэгт хөтөлбөр дахин зарлагдаж, хүүгийнхээ нэрээр нэрлэсэн “Ylalt cake house” төслөөр нөхөр, найзын хамт оролцон шалгарч, гарааны санхүүжилт авч чаджээ. Төслийн хүрээнд байгуулагдсан сумын зөвлөлөөс тэднийг дэмжин, ажлын байраар хангасан байна.

“Ялалт” кофе шопын эзэд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд зохион байгуулсан хувь хүний ур чадвар нэмэгдүүлэх сургалт болон санхүүгийн дэмжлэгийн үр дүнд өөрсдийнх нь хэлснээр бөх бат байшингийн “суурь цутгаж” чадсан юм.  Одоо ямар байшин барих нь биднээс шалтгаална. Бид ч хичээж ажиллаж байгаа”гэж тэд өгүүлсэн. “Ялалт кейк хаус” 2023 оны хүүхдийн баяраар нэг сая орчим төгрөгийн орлого олжээ.

Ц.Аззаяа “Ялалт хүү минь өдрөөс өдөрт өсөж, том болж байгаатай адил бизнес маань ч төслийн багийн хамт олон, чиглүүлэгч багш нар, сумын зөвлөлийн дэмжлэгтэйгээр өргөжин тэлж байна” хэмээн ярьсан юм.