Өв уламжлалаа хадгалсан “Сур, суран эдлэл” төсөл

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох ” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Насан туршийн боловсролын нэгжийн ESEL хөтөлбөрийн хосолсон ангийн 2023 оны хаврын төгсөгч залуус бичил санхүүжилт олгох төслийн уралдаанд тэнцэж “Сур, суран эдлэл” төсөл хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг танилцуулж байна.

Хосолсон ESEL сургалтын төгсөгч Ч.Сумъяасүрэн, Т.Уранчимэг, Л.Дөлгөөнбилэг нар нь Монгол өв уламжлалаа хадгалж, малын арьсыг элдэн сур, суран эдлэл хийх арга ухаанаас суралцах зорилгоор төслийн уралдаанд оролцох санаагаа хамтдаа гаргажээ. “Уран сүлжээ” багийн гишүүд “Сур, суран эдлэл” төслөө бичиж “Энтрепренер Seeds” тэтгэлэгт уралдаан буюу Питч-6 арга хэмжээнд амжилттай оролцож, гарааны санхүүжилтээ авсан юм.

Хаврын улиралд малчид ажил ихтэй завгүй байдаг. Харин 2023 оны хавар ESEL хөтөлбөр танхим болон зайн хосолсон хэлбэрээр хичээллэсэн малчин залууст ажлаа зохицуулан суралцах таатай боломж олгосон юм. Багийн гишүүн Ч.Сумъяасүрэн, Т.Уранчимэг нар нэг гэр бүл бөгөөд анх ESEL хөтөлбөрийн талаарх мэдээллийг багийн засаг дарга Б.Ганхуягаас авч хамтдаа бүртгүүлсэн байна. Мөн багийн материал нөөцийн менежер Л.Дөлгөөнбилэг сурар хурдан морины ташуур, хазаарын жолоо, цулбуур, олом гэх зэрэг олон эдлэл хийдэг туршлагатай нэгэн. Ийнхүү үе тэнгийн залуус зорилго нэгтэй баг болж төслөө хэрэгжүүлж эхлэв.

Тэд зөвлөх багш З.Энхтүвшингээс чиглүүлэг, арга зүйн дэмжлэг авч ажилладаг бөгөөд үхрийн шир үнэгүйдсэн өнөө үед малаас гардаг түүхий эдийг хэрхэн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгох, юу үйлдвэрлэвэл зарагдах, хэнд хэрхэн борлуулах, бидэнд ямар нөөц, боломж байгаа вэ гэсэн асуултуудын хүрээнд бүтээлч санаачилга гаргаж ажилласан нь төслөө үр дүнтэй хэрэгжүүлэхэд нөлөөлжээ. Мөн багаараа элдсэн сураар хийсэн бүтээгдэхүүнүүд зөвхөн хөдөө орон нутагт бус сумын төв, суурин газрын иргэдэд ч хэрэгцээтэй байгааг судалж мэдсэн бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээнд суурилсан бүтээгдэхүүнүүд хийж байгаа нь төслийн багийн давуу тал гэж багийн гишүүд үзэж байна.

Хархорин сумын “Намрын үзэсгэлэн”-д бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа нь

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Сур, суран эдлэл” төслийн багийн гишүүд өөрсдийн бүтээгдэхүүнээрээ 2023 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 4-нд болосн Хархорин сумын намрын үзэсгэлэн болон Өвөрхангай аймгийн “Намрын баяр” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон байна. Энэ үеэр төслийн багийн бүтээгдэхүүнүүд хамгийн эрэлттэй, борлуулалттай байж, бүтээгдэхүүнүүдийг нь сонирхогчдын тоо их байв. “Төслийн бизнес көүч Б.Сүрэн “Сур суран эдлэл” төслийн багийнханд цаашид бараа бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг өсгөх, худалдан авагчдын цаг хүрээг цахим орчинд хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөгөө өгсөн нь багийн гишүүдэд их хэрэгтэй мэдээлэл боллоо” хэмээн багийн ахлагч Ч.Сумьяасүрэн хэллээ. Тус багийнхны 9-10 дугаар сарын борлуулалтын орлого нь 2 сая гаруй төгрөг болж, дахин 1 сая гаруй төгрөгийн захиалга аваад байна.

Багийн ахлагч Ч.Сумьяасүрэн “Бидний өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан бичсэн төслийн санаа дэмжигдсэнд үнэхээр баяртай байна. Манай багийнхан бүх төрлийн сур, суран эдлэлийн бүтээгдэхүүнийг захиалагчийн хүссэн загвараар хийж нийлүүлж байгаа. Мөн энэ жил үзэсгэлэн худалдаануудад оролцсоноор бүтээгдэхүүнээ сум, орон нутгийн хэрэглэгчдэд илүү таниулж, бусад бизнес эрхлэгчдээс туршлага судлах боломж олдсон” хэмээн ярилаа.

“Сур суран эдлэл” төслийн Хархорин сумын намрын үзэсгэлэн худалдаанд дэд байр эзлэн “Өрхийн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн” номинацийн шагнал авсан нь цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх урам зориг өгчээ. Тэд төслийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн жижиг, дунд бизнес болгох, соёлын өвийн тээгчээр албан ёсоор бүртгүүлэх зорилго тавин ажиллаж байна.