Төслийн аргачлалыг түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах, тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцүүлэг болов
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг орон нутагт амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилготой байгуулагдсан Төслийн Аймгийн зөвлөл болон зорилтот сумдын төслийн зөвлөлүүдийн өргөтгөсөн хоёрдугаар уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 9-10-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд амжилттай зохион байгууллаа.
Уг уулзалтад орон нутгийн 75 удирдлага оролцсон бөгөөд төслийн тогтвортой байдал болон төслийн арга, аргачлалыг нутагшуулан авч үлдэх, түгээх талаар хэлэлцэж, аймгийн хэмжээний бодлогуудад тусган хэрэгжүүлэх боломжуудыг тусгасан Аймгийн тогтвортой байдлын төлөвлөгөөний санал боловсруулах зорилготой ажиллав.
Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч буюу Төслийн Аймгийн Зөвлөлийн дарга И.Доржсүрэн, зөвлөлийн гишүүд Аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Аймгийн Насан туршийн суралцахуйн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн удирдлага, мэргэжилтнүүд уулзалтад оролцож, төслийн тогтвортой байдлыг хангаж ажиллахад байгууллагуудын зүгээс хэрхэн хамтарч ажиллах боломж байгаа талаар санал солилцлоо. Төслийн зорилтот сумдаас Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нар болон зорилтот 12 сургуулийн захирлууд, сургалтын менежерүүд, ESEL хөтөлбөрийн багш нарын төлөөллүүд оролцож харилцан туршлагаа түгээлээ.
Энэ үеэр төслийн үйл ажиллагааг сумдад хэрэгжүүлж байгаа Төслийн сумдын зөвлөлүүд төслийн хэрэгжилтийн үр дүн, сайн туршлага, төслийн тогтвортой байдлыг хангах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Мөн төслийн тогтвортой байдлыг хангах боломж, арга замуудыг тодорхойлох зорилготой хэлэлцүүлгүүд өрнүүлсэн нь цаашид Өвөрхангай аймгийн хэмжээнд төслийн арга, аргачлалыг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх арга замуудаа тодорхойлсон үр дүнтэй уулзалт боллоо.
Түүнчлэн төслийн сумын зөвлөлүүд үйл ажиллагаандаа өөрсдийн үнэлгээ хийж, цаашид анхаарах шаардлагатай байгаа чиглэлүүдээ тодорхойлсны дүнд Сумын зөвлөлүүдийн хагас жилийн төлөвлөгөөг боловсруулан ажиллав.
Хосолсон ESEL сургалт хэрэгжих Бат-Өлзий, Богд, Хужирт сумдын Насан туршийн боловсролын нэгжүүдэд таблетуудаа хүлээлгэн өгсөн бөгөөд Хужирт сумын залуусын төлөөлөл 20 хүнд ESEL хөтөлбөрийн гарын авлага, таблетуудыг гардуулан өглөө.
Уулзалтад оролцогчдын төлөөллүүд өөрсдийн сэтгэгдлээ хуваалцлаа.
Гучин-Ус сумын ЗДТГ-ын дарга Н.Тунгалаг: Сум, сумаас сайн туршлагаа хуваалцлаа. Бидний хувьд Насан туршийн боловсролын нэгжийн залуучуудын элсэлтийг нэмэгдүүлэх, залуучуудыг идэвхжүүлэх үйл ажиллагаанууд, спорт өдөрлөгүүд зохион байгуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэдгээ олж мэдлээ. Мөн сумдын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг сонсоод сумынхаа ТСЗ-ийг чадавхжуулах, шинэчлэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг олж харлаа. Харилцан бие биеэсээ туршлага судалсан сайхан уулзалт болж байна.
Уянга сумын Засаг дарга Б.Бямбадорж: Сэтгэл өндөр байна. Сум орон нутгийн хүүхэд залуучуудыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй төслийг сумандаа хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Үндсэндээ 2021 оноос хойш орон нутагт 100 гаруй сая төгрөгийн биет хөрөнгө оруулалт хийжээ. Биет бус хөрөнгө оруулалтыг үнэлээд баршгүй юм. ESEL сургалт нь хүүхдүүдийн суурь хүмүүжил, зөв хүн болж төлөвшихөд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Төслийг хэрэгжүүлж буй салбар оффис, удирдлагын багийн бүх гишүүддээ талархсан сэтгэгдлээ илэрхийлье.
Хархорин сумын ЕБ-ийн 2-р сургуулийн захирал Г. Энхрийцэцэг: ТСЗ, ТАЗ-ийн гишүүд нэг дор цугларч асуудлаа хэлэлцэж байгаа нь өндөр ач холбогдолтойн зэрэгцээ тулгамдаж буй асуудлаа тодорхойлж гарц шийдлээ олж, олон талаас харах боломжийг олголоо. Төслийн тогтвортой байдлыг ханган ажиллахад салбар бүрийн төлөөлөл өөрсдийн оролцоог олж харж хамтдаа үр дүнг нэгтгэн дүгнэсэн нь талархууштай байлаа. Манай сургуулийн хувьд ESEL сургагч багш нартаа түшиглэн мэргэжлийн хөгжлийн бүлэгтээ мэдлэг туршлагаа бусад багш нартаа түгээн чадавхжуулж, бусад хүүхдүүдэд үргэлжлүүлэн сургалтаа явуулах нөөц боломжоо нэмэгдүүлэн ажиллахаар шийдээд байна.