“Охидын шийдвэр” гарын авлагын сургагч багш бэлтгэх сургалт боллоо

Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын эвслээс 2022 онд “Girls decide” буюу “Охидын шийдвэр” гарын авлагыг охидыг хамгаалах, чадавхжуулах, амьдрах ухаанд сургах зорилгоор боловсруулжээ.

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд зорилтот 15 сургуульд уг гарын авлагын сургагч багш бэлтгэх сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, охидын зөвлөлийн чиглүүлэгч багш болон сурагч охидын төлөөлөл оролцсон байна.

“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн удирдагч, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Охидын шийдвэр” хөтөлбөрийн зорилгыг тодорхойлохдоо:

1. Тус хөтөлбөрөөр бид охидод өдөр тутамдаа амьдралын олон төрлийн шийдвэр гаргахдаа анхаарах зүйлсийг таниулж, аюулгүй байдлаа хангах, эрүүл харилцаа бий болгоход нэн чухал хувь хүний зөөлөн ур чадварыг олгоод зогсохгүй амьдрах ухааны ур чадварт сургаснаар бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх;

2. Сургууль бүрд ажилладаг охидын оролцооны бүтэц болох “Охидын зөвлөл”-ийн үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй ажиллуулах чиглэлээр чадавхжуулах зорилготой болохыг дурдлаа.

Сургалтад оролцсон чиглүүлэгч багш нар цаашид өөрсдийн сургууль дээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ба сургалтын үр дүнд охид аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах ур чадварт суралцах болно.

31-р сургуулийн сэтгэл зүйч Ч. Эрдэмцэцэг “Энэ удаагийн сургалтад Охидын зөвлөлийн чиглүүлэгч багш болон охидын зөвлөлийн гишүүн 2 сурагчтай хамт оролцлоо. Сургалтын явцад багаараа нөлөөллийн ажлын хэрэгцээг тодорхойлж, асуудлыг эрэмбэлэн төлөвлөлт хийж сурсан нь үр дүнтэй байв. Ялангуяа “Сэтгэл зүйн анхан шатны тусламж” хичээл нийгмийн ажилтан, багш нар, сэтгэл зүйч болон охидод нэн чухал хэрэгтэй сэдэв байсан” гэлээ.

Сургалтад зорилтот сургуулийн нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйч, Охидын зөвлөлийн төлөөлөл сурагчид оролцсон юм. Оролцогч охидын хувьд сурсан мэдсэнээ “Охидын зөвлөл”-ийн бусад гишүүдтэйгээ хуваалцаж, энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах юм.

40-р сургуулийн 11е ангийн сурагч Д. Солонго “Энэ удаагийн сургалтаас Охидын зөвлөлийн гишүүдэд сургуульд суурилсан өсвөр үеийнхний оролцоонд түшиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх арга зүйд уйтгартайгаар, нуршиж биш сонирхолтойгоор жишээ авч тайлбарлан, практик дасгал дээр тулгуурлан багаар ажиллахын чухлыг ойлголоо. Бичил төсөл гэж юу болох, түүнийг хэрхэн бичих, боловсруулах талаар заасан нь маш сонирхолтой байсан” хэмээн сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцав.

“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн сургуульд суурилсан нөлөөллийн ажлын нэг хэсэг нь “Охидын шийдвэр” гарын авлагын хүрээнд хийгдсэн сургалт байсан бөгөөд сургалтын дараа оролцогчид өөрсдийн сургуулиуд дээр хүүхэд хамгаалал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн ажил зохион байгуулах юм.