“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төсөл үр дүн, туршлагаа хуваалцлаа

Хүүхдийг Ивээх Сан 2021 оноос “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийг Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн үр дүн, туршлагыг хуваалцах “Тэгш хамруулах боловсрол” үндэсний семинар 2023 оны 11 дүгээр сарын 20-21-нд Улаанбаатар хотод боллоо. Үндэсний семинарт аймаг, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн тэгш хамруулах боловсрол хариуцсан 32 мэргэжилтэн оролцлоо.

Семинарыг нээж, “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2″ төслийн Менежер Фуми Мацумото хэлсэн үгэндээ “Та бүхэн манай төслийн хүрээнд зөвлөх багуудын боловсруулсан тэгш хамруулах боловсролын сургалтын модулиудыг энэ судална. Эндээс сурч мэдсэн зүйлсээ өөрсдийн орон нутагтаа түгээн дэлгэрүүлэхийг би та бүхнээс хүсэж байна” хэмээн дурдлаа.

Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга Э.Чулуунхишигт тэгш хамруулах боловсролын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариуллаа.

Оролцогчид “Тэгш хамруулах боловсрол”, “Тавдугаар ангийн сурагчдыг бага ангиас дунд ангид дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх арга зүй”, “Хүүхдийн сурах үйл явцад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх арга зүй” сургалтын модулиудтай танилцаж, аргачлалуудаас суралцав. Мөн хүүхэд үе тэнгийнхний оролцоо, нөлөөллийн ажлын арга зүйн “Хамтдаа суралцья” гарын авлагатай танилцлаа.

Семинарын хоёр дахь өдөр оролцогчид Чингэлтэй дүүргийн 37 дугаар дунд сургууль, Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургууль, Баянзүрх дүүргийн 79 дунд сургууль, 55 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, эдгээр сургуулиудад хэрэгжсэн төслийн туршлага, тусгай хэрэгцээтэй хүүхдийг хөгжүүлэх, сэргээн засах төвүүдийг үзэж сонирхлоо.

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Сургалт, судалгаа, арга зүйн асуудал хариуцсан хэлтсийн дарга А.Еркегүл “Өнөөдрийн сургалтаар тусгай хэрэгцээт боловсролын талаарх мэдлэгээ улам өргөжүүлж, хүүхэд бүрийн онцлогт тохирсон арга, зүй, хөтөлбөрөөр боловсролыг хүртээмжтэй байдлаар хэрхэн хүргэх болон эрх зүйн орчны талаар ойлголт авсан. Хүүхдийг Ивээх Сангаас гаргасан тэгш хамруулах боловсролын талаарх гарын авлага, номыг боловсруулсан зөвлөх багийн багш нараас ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах арга зүйд суралцлаа” хэмээн ярилаа. Мөн Говь-Алтай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамруулах боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Баатархүү “Бид сургуулиуд дээр очиж, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан хүүхэд хөгжлийн танхим, сургалтын материал, багш нарын хүүхэдтэй хэрхэн ажиллаж байгаатай танилцлаа. Эдгээр сургуулиудад тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан тайвшруулах өрөө, ариун цэврийн өрөө, налуу шат, туслах тоноглол зэрэг зүйлүүд хийжээ. Санаа авах зүйлүүд их байна” гэж сэтгэгдлээ хуваалцав.