Хүүхдийг Ивээх Сан залуусын оролцоог нэмэгдүүлэх төслийн үр дүнгээ танилцууллаа

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд хотын зургаан дэд төвүүдэд хийсэн бүтээн байгуулалтын ажлуудын танилцуулга, дэд төвүүдийн цаашдын тогтвортой хөгжлийг тодорхойлох хэрэлцүүлэг 2023 оны 11 дүгээр сарын 30-нд Shangri-La зочид буудлын хурлын танхимд боллоо.

Уг арга хэмжээнд Нийслэлийн удирлагууд, төсөл хэрэгжүүлэгчид болон санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк, хувийн хэвшлийнхний төлөөллүүдээс оролцож, хэрэгжүүлсэн төслүүд, гарч байгаа үр дүнгээ танилцуулав.

Хүүхдийг Ивээх Сан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөлтэй хамтран “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх” төслийг 2022-2023 онд амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Энэхүү арга хэмжээнд Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай оролцож, уг төслөөс гарсан үр дүн, залуустай хамтран ажилласан сайн туршлагуудыг хуваалцахаас гадна олон улсад хот байгуулалтын явцад залуусын оролцоог хэрхэн чухалчилж байгаа, залуусын ач холбогдол болон дэлхийд туршигдаад буй амжилтай жишээнүүдийг танилцууллаа.

Дашрамд өгүүлэхэд, энэхүү төслөөр залуучууд руу чиглэсэн хөтөлбөр, холбогдох хууль тогтоомж болон бодлого зорилтуудад дүн шинжилгээ хийх, улсын хэмжээнд, өнөөгийн ядуурлын нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээл болон жендерийн нөхцөл байдлын тойм судалгаа, “Баянхошуу” болон “Сэлбэ” бүсийн залуучуудыг хамруулсан “Залуу манлайлагч” болон “Залуу элч” хөтөлбөрөөр дамжуулан оролцогч залуусын техникийн болон зөөлөн ур чадварыг сайжруулж, оролцооны аргаар залууст тулгамдаж буй асуудлууд, тэдний хэрэгцээ шаардлагууд болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох, хот төлөвлөлт, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх залуусын оролцоотой бичил төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийсэн юм.