Л.Баян-Алтай: Үерийн аюулд нэрвэгдсэн Баянзүрх дүүргийн өрхүүдэд туслах төсөл амжилттай хэрэгжлээ
Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтайтай тус байгууллагаас хэрэгжүүлсэн үерийн гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхдүүдэд туслах төслийн талаар ярилцлаа.
-Ярилцлагаа Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагааны талаар эхлэх үү?
-Хүүхдийг Ивээх Сан дэлхийн 100 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага. Монгол Улсад 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эхний жилүүдэд орон гэргүй хүүхдүүдийг хамгаалах зорилгоор хүүхэд хамгааллын төвүүдийг гэр хорооллын дунд нээн ажиллуулж байсан түүхтэй. Үүнээс эхлээд өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд үйл ажиллагааны 4-5 чиглэлээр ажиллаж байна. Тодруулбал, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, эрүүл мэнд, боловсрол гэх мэт. Хүүхдийн талаар ярихад боловсролыг ярихгүй байж болохгүй чухал салбар. Дээр нь хүүхдийн ядуурал гэж том сэдэв бий. Хүүхэд аюулгүй, идэх хоолтой, өмсөх хувцастай орчинд өсөхийн тулд эцэг, эх нь зайлшгүй орлоготой байх ёстой. Тиймээс энэ асуудлыг анхаардаг. Сүүлийн чиглэл нь хүмүүнлэгийн үйл ажиллагаа. Бид байгаль цаг уурын бэрхшээл, гамшигт өртсөн өрх гэр, хүүхэд багачуудад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол явуулж ирсэн.
– Танай байгууллага үерийн гамшигт өртсөн өрхүүдэд туслах төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийг яагаад хэрэгжүүлэх болов. Тухайн үед үерт өртсөн хүмүүсийн байдал ямар байсан бэ?
–Улаанбаатар хотод 2023 оны 8-р сарын 5-ны өдөр хүчтэй аадар бороо орж, Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны иргэд үерт өртөж, эд материал, сэтгэл санааны хохирол амссан. Тиймээс Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн хөтөлбөрийнхөө хүрээнд үерийн гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхдүүдэд туслах төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Манай байгууллага хөгжлийн болон хүмүүнлэгийн хосолсон тусламжийг үзүүлдэг.
–Тусламжууд гэр бүл, хүүхдүүдэд чиглэсэн юм байна. Тэгвэл хүүхдүүдэд ямар тусламжууд өгсөн бэ?
– Хүүхдийг Ивээх Сангаас аливаа гамшиг онцгой байдлын нөхцөлд хүүхдийн сурч боловсрох явц тасралтгүй олгогдох ёстой гэж үздэг. Тиймээс тусламжийн эхний хэсгээ 2023 оны 8 дугаар сарын 31-нд зайлшгүй тусламж шаардлагатай өрхүүдийн сургуулийн насны хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын гутал, цүнх, хичээлийн хэрэгсэл хүргэсэн. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэгсэл, гутал өгсөн бол гэртээ хүмүүжиж буй сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоомууд болон үлгэрийн ном өгсөн. Эдгээр тусламжууд нийтдээ 288 гаруй хүүхдэд очсон. Хүүхдүүдийг хичээлийн шинэ жилдээ сурагчийн дүрэм хувцсаа өмсөөд, цүнхээ үүрээд хичээлдээ явах шаардлагатай иж бүрэн тусламжийг үзүүлэхийг хичээж, тусламжаа үзүүлсэн.
– Хүүхдүүдэд чиглэсэн өөр тусламж, үйл ажиллагаа бий юу?
– Үерийн гамшигт өртсөн 278 хүүхдүүдэд насанд нь тохируулан хоёр төрлийн мультивитамин өглөө. Хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Хүүхдийг амин дэмжүүлжснээр архаг, суурь өвчлөлийг бууруулж, томуу, томуу төст өвчлөлийн хүндрэлийг бага ч гэсэн бууруулж чадна. Үүнээс гадна “Хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн анхны тусламж” сургалтад 35 хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчийг, “Сэтгэл зүйн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт”-д 298 хүүхэд хамруулсан. Бид энэ сургалтаар дамжуулан цаашид учирч болох бүх нийтийг хамарсан аливаа гамшиг, ослын үед иргэд олон нийт тэр дундаа хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх бэлтгэгдсэн сургагч багштай болж байгаа юм.
– Тэгвэл гэр бүлүүдэд зориулсан ямар тусламжууд өгсөн бэ?
– Үерт олон айл гэр, хашаа байшингаа алдаж, зарим айл зуны байшинд, зарим нь хамаатан садангийндаа, айлын гэр түр бариад амьдарч байсан. Иймээс орон гэрээ алдсан, хүүхэдтэй, орлого багатай, тусламж дэмжлэг шаардлагатай айлуудыг хороотой хамтарч судлаад бид 25 айлд 5 ханатай иж бүрэн гэр өглөө. Нүүгээд шууд амьдрах боломжтой, давхар бүрээстэй, шалтай, зуух яндантай, хүүхдийн иж бүрэн зөөлөн эдлэлтэй хамт гэрүүд өгсөн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29-р хорооны 5 хүүхэдтэй, 7 ам бүлтэй айл үерт өртөөд орон гэргүй болж, айлын гэрт 2 сар амьдарсны дараа тусламжаар гэр авсан байгаа. Энэ айлын хүүхдүүд мөн хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас авсан. Энэ хорооны 2 өндөр настан байшингаа үерт алдаад айлын гэр түрээслэн амьдарч байсан учраас гэр өгсөн. Хүйтний улирал эхлэхийн өмнө орон гэртэй болгосон нь цагаа олсон тусламж байсан болов уу. Үерийн улмаас нүхэн жорлонгийн бохир тэлж, халин халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг. Тиймээс 250 өрхөд ахуйн халдваргүйтгэлийн бодис өгсөн байгаа. Мөн үерт өртсөн сэтгэл зүйн дэмжлэг шаардлагатай 20 иргэн, 10 хүүхдэд зориулсан “Бүлгийн сэтгэл засал”-ын сургалт явуулсан. Энэ нь гамшгийг даван туулахад үзүүлж буй цогц тусламжийн маань нэг чухал хэсэг.
-Та бүхэн тусламжийн сүүлийн хэсгээ саяхан хүргэсэн гэсэн. Энэ ямар тусламжууд байв?
– Айлууд хөнжил, гудаснаас эхлээд цахилгаан хэрэгсэл гээд олон зүйлсээ үерт алдсан байдаг. Тиймээ Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны 108 өрхөд 10 хүртэлх насны хүүхдийн хөнжил, гудас, даавуу, дэр бүхий багц, 125 өрхөд хөнжил, 125 өрхөд эрүүл ахуйн шаардлага хангасан ус зөөвөрлөх, хадгалах сав өглөө. Та бүхэн мэдэх байх. Өрхийн олонхи нь зориулалтын бус саванд усаа зөөж, хадгалдаг.
– Тусламжууд нийт хэдэн өрх айл, хүнд хүрсэн бэ?
– Үерийн гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхдүүдэд туслах төсөл нийтдээ 1237 хүнд, үүнээс 403 нь хүүхдэд хүрсэн байна. Хүүхдийг Ивээх Сангийн хүмүүнлэгийн тусламжууд иж бүрнээрээ өрх бүрт хүрч, тулгарсан бэрхшээл бүрийг шийдвэрлэж чадсанаараа давуу талтай байлаа. Нэг жишээ хэлэхэд, Баянзүрх дүүргийн 21-р хорооны 6 ам бүлтэй, сургуулийн насны 3, цэцэрлэгийн насны 1 хүүхэдтэй айл гэр авсан байгаа. Үерт хашаа байшингаа алдаж, өмссөн хувцастайгаа үлдээд, айлын зуны гэр түр бариад амьдарч байсан. Мөн сургуулийн насны хүүхдүүдэд нь сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын гутал, цүнх, хичээлийн хэрэгсэл, цэцэрлэгийн хүүхдэд цүнх, хичээлийн хэрэгсэл, гутал өгсөн. Нэмээд хүүхдүүдэд нь витамин өгч, эхнэр, хүүхдүүд нь сэтгэл зүйн сургалтад хамрагдсан. Бас энэ айлд ариутгалын бодис өгсөн байгаа.
– Энэ төслийн санхүүжилт хэдэн төгрөг байсан бэ. Ямар газрууд санхүүжүүлсэн бэ?
– Хүмүүнлэгийн тусламжийн төслийг Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн “СИЙД” хүмүүнлэгийн сан, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сан, Японы Хүүхдийг Ивээх Сан хамтдаа 110 мянган ам.доллар буюу 380 орчим сая төгрөгөөр санхүүжүүлсэн. Энэ дашрамд бидэнтэй хамтран ажиллаж, төслийг санхүүжүүлсэн эдгээр байгууллагууд болон хамтран ажилласан Баянзүрх дүүрэг, хороодын удирдлага, сургууль, байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.
– Та бүхэн ирэх 2024 онд ямар чиглэлд төслүүд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
– Манай байгууллага хэрэгжүүлж ирсэн уламжлалт төслүүдээс гадна алслагдсан сумдын эмнэлгүүдэд шүдний кабинет байгуулж өгдөг. Манай улсын 330 сумдын дийлэнхэд шүдний эмч байдаггүй. Зарим сум аймгийн төвөөсөө 200 км зайтай байдаг. Хүн бүр шүдээ үзүүлэх гээд ийм хол явах боломжгүй. Бид хаашид хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөнд өртөж байгаа орон нутгийн иргэд, малчид руу чиглэсэн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Эдгээр төслүүд дээр хамтран ажиллах, санхүүжүүлэх сонирхолтой төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хувьд манай байгууллага нээлттэй байгаа шүү гэдгийг хэлмээр байна.