Дэлхийн Банкны төлөөллүүд Ховд аймагт ажиллаж, төслийн хэрэгжилттэй танилцав

Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох”  төслийг Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилт, Дэлхийн банкны менежменттэйгээр 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байгаа билээ.

Дэлхийн Банкны  Ахлах эдийн засагч, Төсөл хариуцсан багийн ахлагч Кожи Мияамотогоор ахлуулсан баг тус төслийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй 12-р сарын 04-08-ны өдрүүдэд танилцав.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд, Дэлхийн банк болон Хүүхдийг Ивээх Сангийн төслийн багийн төлөөлөл Ховд аймагт ажиллаж, төслийн хэрэгжилтийн үр дүнтэй газар дээр нь танилцлаа. Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, Аймгийн төслийн зөвлөл (АТЗ)-ийн дарга Б.Сандагсүрэн болон зөвлөлийн бусад гишүүдтэй уулзаж төслийн явцын үр дүн, тогтвортой байдал, төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг аймгийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хэрхэн тусгах талаар хэлэлцэж, санал солилцов. АТЗ-ийн дарга Б. Сандагсүрэн “ESEL хөтөлбөр манай орон нутгийн хүүхдүүдэд хувь хүний чухал ур чадваруудыг олгож байгаад үргэлж талархалтай байдаг. Ховд аймгийн хувьд 2024 оныг Хүүхдэд ээлтэй, хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан уг сургалтын хөтөлбөрийг аймгийнхаа урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, стратегид тусгаж, төслийн үр дүнг өргөн хүрээнд түгээх, үүний тулд холбогдох талуудтай хамтран ажиллана” хэмээн онцлов.

 

Мөн Ховд аймгийн Хөгжил Политехникийн коллежид хэрэгжиж буй ESEL хөтөлбөр, хүүхэд залуусын хэрэгжүүлж буй бичил төслийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцлаа. ESEL хөтөлбөр 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн Мэргэжлийн боловсролын сургуулиудын сургалтын үндсэн хөтөлбөрийн нэг болсонтой холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах шаардлагатай асуудлуудын талаар коллежийн удирдлага, багш, суралцагчидтай ярилцав.

Энэхүү аяллын төгсгөлд Ховд аймгийн Зэрэг суманд ажиллаж, Төслийн сумын зөвлөл (ТСЗ)-ийн гишүүд, ESEL хөтөлбөрийн суралцагчид, төгсөгчид, багш нар болон бусад оролцогч талуудтай төслийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэн олж авсан сайн туршлага, тулгарч буй саад бэрхшээл, дараагийн үйл ажиллагаануудад шаардагдаж буй дэмжлэгийн талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.

Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч Кожи Мияамото төслийн хэрэгжилтэд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд “Төслийн хүрээнд бий болсон туршлага, үр дүнг нутагшуулан урт хугацаанд үр өгөөжийг нь хүртэхийн тулд орон нутгийнхны оролцоо, ялангуяа хүүхэд, залуус, шийдвэр гаргагчдаас гарах санал, санаачилга чухал үүрэгтэй төдийгүй орон нутгийн холбогдох талууд дэмжлэг үзүүлэн, хамтран нягт уялдаатай ажиллах нь үр дүнтэй” хэмээн хэллээ.