УИХ-ын гишүүн Ц.Туваан Хүүхдийг Ивээх Сангийн удирдлагыг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн Ц.Туваан Японы Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Майко Фужи, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нарыг 2023 оны 12-р сарын 13-нд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ц.Туваан Монгол Улсын Их Хурал болон УИХ-ын гишүүд олон улсын байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй байдгийг дурдаад, тэр дундаа Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонтой нягт хамтран ажилладаг талаар онцлов. Хүүхдийг Ивээх Сангийн хүүхэд хамгаалал, боловсрол, хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрүүд олон мянган хүүхэд, эцэг эхчүүдэд үр өгөөжөө өгч, үр дүнтэй хэрэгжиж буйд талархалаа илэрхийлэв. Мөн Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаагаар тэргүүлэх байр сууринд явж байгаа байгууллага гэлээ. Нэн ялангуяа Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр дорвитой үр дүн гаргадаг хэмээн үнэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан хэлэхдээ: “Өнгөрсөн өвөл Төв аймгийн олон сумдад өвөлжилт хүндэрч зуд болсон. Миний зүгээс олон улсын байгууллагуудад зудад хүндээр нэрвэгдсэн малчдад тусламж үзүүлэх хүсэлт тавихад Хүүхдийг Ивээх Сан нээлттэй хүлээн авч, хамгийн хүнд байдалд байсан Архуст, Эрдэнэ, Эрдэнэсант, Борнуур зэрэг сумдад тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж, малчдад өвс тэжээл, бэлэн мөнгө, дотуур байранд амьдардаг малчны хүүхдүүдэд эрүүл ахуйн багц зэрэг 96 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн. Тусламж авсан олон иргэд, хүүхдүүд та бүхэнд талархалаа илэрхийлснийг та бүхэндээ дамжуулж байна” гэв. Түүнчлэн, энэхүү нэн яаралтай хүмүүнлэгийн тусламжийг Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Завхан зэрэг Монгол Улсын баруун дөрвөн аймгуудад хэрэгжүүлснийг дурдаад, тэр дундаа эцэг эхээсээ хол дотуур байранд амьдарч буй хүүхдүүдэд ариун цэврийн багц, дулаан хөнжил гудас, өвлийн гутал зэрэг тусламж үзүүлсэн нь онцгой хэрэгцээтэй санагдсан хэмээн дурдав.
Тэрээр мөн сүүлийн жилүүдэд хурдацтай явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зуд, шороон болон цасан шуургын давтамж ихсэж, улмаар түүний нөлөө нь орон нутгийн иргэд тэр дундаа малчид болон тэдний хүүхдүүдэд хүндээр тусаж буй тухай дурдлаа. Цаг хүндэрч, ган, зуд болсон тохиолдолд малчид өөрт байгаа мөнгө хөрөнгөний нөөцөө малаа авч үлдэхэд л зарцуулдаг тул хүүхдүүд болон тэдний хэрэгцээ орхигдох явдал гардаг. Энэ хүнд үед хүүхдүүд аав ээждээ туслах хэрэгцээ үүсч, сургууль завсардах тохиолдлууд гардаг. Түүнчлэн, сүүлийн үед хүүхдүүд цахим хамааралтай болох, цахим гэмт хэргийн хохирогч болох асуудлууд үүсч байна. Эдгээр асуудалд бид хамтдаа анхаарах хэрэгтэй хэмээн хэллээ.
Японы Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Майко Фужи УИХ-ын гишүүн Ц.Туваанд хүлээн авч уулзаж буйд талархаад, хүүхдийн эрхийн асуудлуудад анхаарч Хүүхдийг Ивээх Санг дэмжиж ажилладагт нь талархлаа илэрхийлэв. Тэрээр “Хүүхдийг Ивээх Сангаас цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилт, бэрхшээлийг даван туулах чиглэлээр ажиллах сонирхолтой байна. Ган, зуд, шороон шуурга, цөлжилт зэрэг гамшигт үзэгдлүүдийн давтамж ойртож байгаа нь санаа зовоож байна. Эдгээр үзэгдлүүд малчдын орлого, амьжиргаа болон эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлдэг, улмаар тэдний хүүхдүүдэд ч гэсэн олон төрлийн сөрөг нөлөөлөл авчирдаг тул маш нухацтай авч үзэх ёстой асуудал юм” хэмээв. Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажиллах стратегиа боловсруулж байгаа бөгөөд энэ чиглэлээр цаашид Засгийн газар, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах боломжтойг хатагтай Фужи цохон тэмдэглэв.