Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Дэд сайд Японы Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа

Японы Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Майко Фужи  2023 оны 12 сарын 11-15-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Тус айлчлалын хүрээнд түүнийг Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын Дэд сайд С.Зулпхар хүлээн авч уулзлаа. Уулзалтад Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершипийн боловсрол олгох төслийн менежер Ё.Нямдаваа нар болон албаны бусад хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд Монгол Улсын ХНХ-ын Дэд сайд С. Зулпхар Японы Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөр хариуцсан хатагтай Майко Фужи тус Яаманд зочилж буйд талархал дэвшүүлээд, Монгол Улсад айлчилж байгаа ажлын айлчлалд нь амжилт хүслээ. Майко Фужи захирал Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөр, төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудыг удирдлага зохион байгуулалтаар ханган дэмжлэг үзүүлж, тасралтгүйгээр, идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын Яамны удирдлагад  талархал илэрхийлэв.

Дэд сайд С.Зулпхар, өнгөрсөн гучин жилийн хугацаанд Монгол Улсад хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд Хүүхдийг Ивээх Сангийн бүтээсэн мэдлэг, боловсруулж нэвтрүүлсэн арга зүй, хөрөнгө оруулалт бүхий хувь нэмрийг онцгойлон үнэлдэг болохоо илэрхийлж, өнгөрсөн болон одоо хэрэгжүүлж байгаа бүх хөтөлбөр төслүүд нь хүүхдийн эрх, хамгааллыг хэрэгжүүлэх Засгийн газрын зорилго зорилтыг дэмжиж, олон улсын арга зүйн дэмжлэг нэн шаардлагатай байгаа чиглэлүүдэд бодит үр дүн гаргаж, цаашид ажиллах жишиг загвар бүхий туршлагуудыг нэвтрүүлж ирснийг чухалчлан тэмдэглэв.

Тэрээр, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлэн хариу арга хэмжээ авах сургууль, эцэг эх, хамтарсан багийн хамтын ажиллагааны загварыг бий болгож буй Японы Хүүхдийг Ивээх Сангийн одоо хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл, хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч даван туулагчид ээлтэй үйлчилгээний арга зүйг танилцуулж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслүүдтэй хамтран ажиллаж байгаагаа цохон тэмдэглэв. Тэрбээр  хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд нэн чухал хувь нэмэр оруулж байгаа эдгээр төслүүдийг Японы Хүүхдийг Ивээх Сангийн баг амжилттай хэрэгжүүлж, Засгийн газартай үр дүнтэй хамтран ажиллаж байгааг үнэллээ.

Түүнчлэн, дэд сайд Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, тогтолцооны шинэчлэл хийх гэж байгаа нэн хариуцлагатай цаг үе ирж байгааг онцлоод, тус хуулийн нэмэлт өөрчлөлтөд Японы Хүүхдийг Ивээх Сан мэргэжлийн тодорхой санал зөвлөмж өгч ажилласанд гүнээ талархан, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээлэл, сургалт сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээ явуулах, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг боловсон хүчнийг сургах, давтан сургах чиглэлээр ажиллаж ирсэн Японы Хүүхдийг Ивээх Сангийн туршлага энэхүү шилжилтэд чухал түшиц болно гэдэгт итгэж байна гэлээ.

Майко Фужи захирал Монгол Улсын Засгийн газар хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын асуудлыг өргөн хүрээнд анхааралдаа авч, тогтолцооны шинэчлэл хийж байгааг талархан дэмжихийн сацуу, үүнтэй уялдан гарах хүний нөөц, төсөвтэй холбоотой асуудлуудыг мөн зэрэгцээ чадварлаг төлөвлөхийн чухлыг хэлэв. Түүнчлэн, тэрээр хуулийн дагуу шинээр шаардагдах нийгмийн ажилтнуудыг бэлтгэх чиглэлээр болон олон нийтийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулан хөгжүүлэхэд чиглэсэн нөлөөллийн ажлууд, хууль эрх зүйн орчныг улам бүр боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.