Өртөөчилсөн хэлбэрээр төслийн үр дүнгээ танилцуулав

Хүүхдийг Ивээх Сан 2020 оноос “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 5 аймгийн 25 сум, 6 Политехник коллеж, Мэргэжлийн боловсролын сургуульд хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн Удирдах зөвлөл (ТУЗ)-ийн ээлжит хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 21-нд Туушин зочид буудлын “Exclusive Lounge” хурлын танхимд боллоо.
Төслийн удирдах зөвлөлийн хуралд Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийг Ивээх Сангийн төлөөллүүд, болон төслийн багийн гишүүд оролцоо.

Энэ удаагийн хурлаар төслийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, үр дүн, сургамж, төслийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг өртөөчилсөн байдлаар танилцуулан хэлэлцэж, оролцогчдын санал, дүгнэлтийг авлаа. Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд ХИС сэтгэл ханамжтай байна. Төсөл эхэлснээс хойш ESEL хөтөлбөрт 8000 гаруй хүүхэд, залуус хамрагджээ. Энэ нь 6000 хүүхэд, залууст хүрэхээр тавьсан зорилгоо давуулж, илүү үр дүнд хүрч байгаагийн нэг илрэл” хэмээн хэллээ.

Энэ удаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн үйл ажиллагааны үр дүн, сургамжийг Өртөө 1: ESEL сургалт, Энтрепренер клуб, Өртөө 2: Бичил төсөл, сайн туршлага, Өртөө 3: Сургуульд суурилсан энтерпрайз (ССЭ), Өртөө 4: Төслийн мониторинг, үнэлгээ, Өртөө 5: Төслийн тогтвортой байдал, төлөвлөгөө гэсэн 5 өртөөгөөр танилцуулан өртөөгөөр зочилсон ТУЗ-гишүүд, асуулт асууж, өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм.
Удирдах зөвлөлийн дарга, Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа “Боловсрол, шинжлэх ухааны яам цаашдаа ахлах сургуулийн сургалтыг төсөлд суурилсан хэлбэрээр зохион байгуулан нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Энэ тохиолдолд тус төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ESEL болон тэтгэлэгт хөтөлбөр, Сургуульд суурилсан энтерпрайзын сайн туршлага, амжилтууд чухал үүрэгтэй байх болно” гэж онцоллоо.