Хүүхдүүдэд баяр нэмсэн шинэ жилийн бэлгүүд

Хүүхдүүд шинэ жилээр өвлийн өвөөгөөс, аав, ээжийнхээ ажлын газраас, ах, эгч, хамаатан саднаасаа бэлэг авах дуртай, тэдэнд энэ бүхэн мартагдашгүй дурсамж болон үлддэг. Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд жил бүрийн шинэ оныг угтан сайн үйлсийн аян зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаа “Хамтдаа-2023” сайн үйлсийн аянаараа Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн зорилтот 12 сургуулийн тусгай хэрэгцээтэй болон гэртээ байдаг 250 гаруй хүүхдэд 2023 оны 12 дугаар сарын 21-нд шинэ жилийн бэлэг өглөө. Эдгээрт Нийслэлийн 9, 67, 79, 127, 39, 37, 76, 49, 65, 61-р сургууль болон Амгалан цогцолбор зэрэг сургуулиудын тусгай хэрэгцээтэй 250 хүүхэд хамрагдаж шинэ жилийн бэлэг хүлээн авлаа.

Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Манай байгууллагын ажилтнууд хандив цуглуулж, бидэнтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж, компаниуд хандив өгч эдгээр шинэ жилийн бэлгийг хүүхдүүд та бүхэнд өгч байна” хэмээн ирсэн хүүхдүүд, эцэг эхчүүдэд хандан хэллээ. Тэрээр үргэжлүүлэн энд цугласан хүүхэд бүр ирэх онд эрүүл байж, эрдэм ном ихийг сурахыг хүсэн ерөөв.

Ивээн тэтгэсэн байгууллагын нэг Микро Сити ХХКийн Гүйцэтгэх захирал Г.Гантөмөр “Манай компани Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажилладаг. Хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгөх санаачилгыг баяртай хүлээн авч, энэхүү буянтай үйлсэд нэгдсэндээ баяртай байна” хэмээн хэллээ.

Тус аянд нэгдсэн өөр нэг компани болох Практикал даатгал ХХКийн Байгууллагын даатгалын мэргэжилтэн С.Энэрэл “Манай компани сайн үйлсийн ажлууд хийдэг. Тиймээс хүүхдүүдэд бэлэг өгөх аянд ивээн тэтгэгчээр оролцсон” гэж ярив.

Мөн шинэ жилийн бэлгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүргүүлэхээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоонд хүлээлгэн өгсөн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Чингэлтэй дүүргийн зохицуулагч “Шинэ жил хүүхдүүдэд бэлэг авдаг таатай мэдрэмж төрүүлдэг баяр. Хүүхдүүдэд баяр нэмж, шинэ жилийн бэлэг өгсөн Хүүхдийг Ивээх Сан, компаниудад баярлалаа” гэв.

Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажиллаж, хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн бэлэг бэлтгэхэд хандив өгч, ивээн тэтгэсэн Микро Сити ХХК, Зайвар Алтай ХХК

Гэрэлт Таван Эрдэнэ ХХК, Хаан Палас ХХК (Кемпински зочид буудал), Эм Эм Си Жи ХХК, Плас Медиа ХХК, Импресс Колор ХХК, Ди Ди Принт ХХК, Арвин Гоёл ХХК, Флекс Солюшнс ХХК, МЭК ХХК, Коёот Трэйд ХХК, Би Эс Би ХХК, Блумли ХХК, Практикал даатгал ХХК, Морьт тайж ХХК зэрэг бүх аж ахуйн нэгждээ талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсье.

Түүнчлэн олон хүүхдийг шинэ оны босгон дээр баярлуулах аянд манлайлан оролцож хандив өргөсөн Хүүхдийг Ивээх Сангийн нийт ажилтнуудад гарч буй 2024 ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.