Төслийн 11 модулийн чадавхжуулах цогц сургалт өндөрлөлөө

 

Хүүхэд хамгааллын салбарт ажиллаж буй, тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогч/даван туулагч хүүхдэд үйлчилгээ үзүүлэн ажилладаг нийт 1,282 мэргэжилтэн, алба хаагч сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч/даван туулагчдад ээлтэй үйлчилгээ үзүүлэх чиглэлээр чадавхжуулах багц сургалтад хамрагдлаа.

Хүүхдийг Ивээх Сан ба НҮБ-ын Итгэлцлийн Сантай хамтран санхүүжүүлж “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж байна. Уг төсөл Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 12-18 насны охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсролын үйлчилгээгээр дамжуулан хамгаалах зорилготой.

Төслийн хүрээнд хүүхдийн эрх, хамгаалал, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ, амьдрах ухаан, сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч/даван туулагчид ээлтэй үйлчилгээ, хүүхдийн эсрэг үйлдэж буй хүн худалдаалах гэмт хэрэг, илрүүлэлт, ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлэх, хамгаалах гэх мэт 11 сэдэвт модуль бүхий сургалтын гарын авлага, арга, аргачлалыг мэргэжлийн багуудтай хамтран боловсруулсан юм. Энэхүү 11 модулийн агуулгаар төслийн зорилтот таван дүүргийн эрүүл мэндийн төв, цагдаагийн газар, хэлтэс, онцгой байдлын хэлтэс, хорооны хамтарсан багийн гишүүдэд зориулсан  чадавхжуулах сургалтыг 2023 оны туршид зохион байгууллаа.

Сургалтын гол зорилго нь хүүхэдтэй ажиллаж байгаа мэргэжилтнүүд “Сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй үйлчилгээ” үзүүлэх арга зүйд суралцах, чадавхжихад оршино. Улмаар сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй үйлчилгээ үзүүлж, тухайн хүүхдэд сэтгэцийн гэмтэл дахин учруулахаас урьдчилан сэргийлж, илаарьших үйл явцад нь эерэг дэмжлэг үзүүлэх ур чадвартай болсон юм. Мөн чадавхжуулах сургалтын хүрээнд нэмэлтээр улсын өмгөөлөгч, номын санч, соёлын ажилтан, эмэгтэйчүүд болон өсвөр үе хариуцсан эмч нарт зориулсан хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын сургалтууд зохион байгуулсан нь ч цагаа олсон, нэн хэрэгтэй сургалтууд байлаа.

Хүүхэд хамгаалалд сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч/даван туулагчдад ээлтэй үйлчилгээ үзүүлэх чиглэлээр чадавхжуулах багц сургалтыг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийслэлийн 15 сургуулийн сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш зэрэг нийт 75 хүнд зориулсан сургалтаар эхэлж,  2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр отгон сургалтаа улсын өмгөөлөгчдөд зориулан зохион байгуулж, энэ чиглэлээрх сургалтаа өндөрлөлөө. Нийт 62 удаагийн 121 өдрийн сургалтад давхардаагүй тоогоор 632, давхардсан тоогоор 1,289 мэргэжилтэн, алба хаагчид хамрагджээ.

Ийнхүү Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын баг “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийнхөө  “Зорилтот орон нутгийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийг сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч/даван туулагчид ээлтэй үйлчилгээ үзүүлэх чадавхтай болгох”  гэсэн 1 дүгээр зорилт бүрэн биелүүлж, мэргэшсэн мэргэжилтнүүдээр дамжуулан Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд нэн чухал хувь нэмэр орууллаа.