Төслийн 2023 оны ажлаа дүгнэж, ирэх оны төлөвлөгөөгөө батлав

Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл 2022 оноос хэрэгжиж байгаа билээ. Уг төслийг “Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) байгууллагаас боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон үзүүлсэн буцалтгүй тусламжийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам хэрэгжүүлж байна.

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн Удирдах хорооны ээлжит хурал 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Хурлаар төслийн 2023 оны төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, ажлаа дүгнэж, ирэх 2024 оны ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа. 2023 онд төслийн тэгш хамран сургах боловсрол бүрэлдэхүүний хүрээнд Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг, нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нийт 18 зорилтот сургуулиудад “Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим”-ыг байгуулсан бөгөөд 802 сая төгрөгний санхүүжилтээр мэдээлэл, технологийн тоног төхөөрөмж, тавилга, ном сурах бичиг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих тоног төхөрөмж, туслах хэрэглэгдэхүүнээр ханган нийлүүлсэн байна. Тус танхимд тэгш хамран сургах чиглэлээр бүх хүүхдэд боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэйгээр хүргэх юм.

   

Мөн дээрх 4 аймаг, 2 дүүргийн нийт 160 ерөнхий боловсролын сургуулийн 678 удирдлагын баг (захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан)-ийн гишүүд болон 2334 бага ангийн багш нарт “Тэгш хамран сургах боловсролын онол, ганцаарчилсан төлөвлөгөөний төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний чиглэлээр 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын үр дүнд сургууль, багш ялгаатай хэрэгцээт хүүхдийг ойлгох, боловсролын үйлчилгээнд хамруулах талаар эерэг ойлголт хандлагатай болж, багш нар хөгжлийн бэрхшлээтэй хүүхэдтэй ажиллах арга зүйд суралцжээ.

Харин сургуулийн үдийн хоол бүрэлдэхүүний хүрээнд нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн “Хоол зүйч”-ийг хөрвүүлэх сургалтаар бэлтгэж байна. Одоогийн байдлаар 14 оюутан хөрвүүлэх сургалтыг амжилттай төгсөж гэрээт ажлын байранд буюу зорилтот ЕБС-д хоол зүйчээр сургуулийн үдийн хоолны чанар, хүртээмжийг сайжруулан ажиллаж байна.

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд чиглэгдэх бөгөөд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин Сайдын Яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), БНСУ-ын Олон улсын Хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), Хүүхдийг Ивээх Сан болон Монгол дахь хөгжлийн бусад түншүүд энэхүү хөтөлбөрийг дэмжин ажилладаг.

   

Тус хурал дээр Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин Төлөө лөгч Л.Баян-Алтай “Төсөл хэрэгжүүлэх нэгж Боловсрол, шинжлэх ухааны яам болон холбогдох байгууллагатай үр өгөөжтэй хамтран ажиллаж, 2023 онд төлөвлөсөн үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүллээ. Ирэх 2024 он бол төслийн хэрэгжилтийн оргил үе таарах учир илүү ачаалалтай ажиллах, үр дүн гаргах чухал жил болно” хэмээн хэлэв.

Хүүхдийг Ивээх Сан Боловсролын дэлхийн түншлэлийн Монгол дахь төлөөлөл болж, төслийн санхүүжилтийн зохицуулагчаар ажиллаж байгаа бөгөөд төслийн хэрэгжилтэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, санхүүжилтийг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй оролцож байгаа юм.