Өв уламжлалаа хадгалж, бие биеэ хүндэтгэх соёлд суралцуулах “Шагайн харваа” клубийнхэн

Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар сургуулийн “ШАГАЙН ХАРВАА” клубийг чиглүүлэн ажилладаг П.Болдбаатар багшийн амжилтын түүхийг хуваалцаж байна. Тэрээр сургуульдаа Монгол хэлний хичээл заахын зэрэгцээ клубээ хариуцан ажилладаг юм.

П.Болдбаатар багш анх шагайн харваатай хэрхэн холбогдсон талаараа “Манай  бага ангийн багш эрэгтэй багш байлаа. Багш болсон минь ч үүнтэй холбоотой байж магадгүй. Би 2009 онд сургуулиа төгсөөд төрөлх сургуульдаа багшилна гээд ирж байсан минь саяхан мэт санагдана. Түүнээс хойш боловсролын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Уянга суманд 1980-аад оноос эхлэн шагай харваж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш хориод жил тасарч, 2000 оны эхээр дахин сэргэсэн. Үүнээс хойш Уянга суманд уухайн дуу тасраагүй гэдэг. Миний хувьд 2016 оноос Монголын үндэсний өв соёлын нэг болох шагайн харвааг ахмад харваачдаар заалгаж, үүнээс хойш тасралтгүй долоон жил хичээллэж, шагайн харвааны “Аймгийн гоц мэргэн” цол авсан” хэмээн ярилаа.

Түүний хувьд шагайн харвааны өв соёлыг цаашид хэнд, хэрхэн түгээх билээ гэсэн бодол төрж, гарц гаргалгаагаа олохоор эрэл хайгуул хийж байх үед Хүүхдийг Ивээх сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2020 онд тус суманд хэрэгжиж эхэлсэн байна. Тухайн үед Болдбаатар багш хүсэлтээ өгч, ESEL хөтөлбөрийн багш, зөвлөх болжээ. Тэрээр “ESEL хөтөлбөрт хамрагдаж төгссөн сурагчид төсөл бичээд үр шимийг нь тэр дороо хүртэж болдог нь сурагчдад хөгжих боломж олгодог давуу талтай санагдсан. Миний төгсгөсөн ESEL хөтөлбөрийн 2021 оны хаврын ангийг төгссөн сурагчид гурван төсөл бичсэнээс хоёр нь шалгарсан бөгөөд түүний нэг нь “Шагайн харваа” төсөл байлаа. Манай ангид төгссөн гурван сурагч шагайн харваа сонирхож хичээллэдэг байсан учраас төслийн санаагаа гаргасан. Миний бодож явсан үндэсний их өв соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээх зорилготой уялдаж байсан тул энэ багийг чиглүүлэн ажиллах хүсэлтэй байлаа” гэсэн юм. Болдбаатар төсөл бичсэн 6 сурагчтайгаа хамтран “Шагайн харваа” клубийг байгуулсан бөгөөд үйл ажиллагааны нэг хэсэг болох шагайн харвааны сургалтуудаа явуулж эхэлсэн юм. Тус клубийн үйл ажиллагааны нэг хэсэг нь шагай харваж сурах сонирхолтой сурагчдад сургалт зохион байгуулдаг. Энэхүү сургалтыг явуулахад хэрэглэгдэхүүн дутагдаж байсан бол бичил төслийн санхүүжилтээр асуудлаа шийдэж чаджээ. Ингэснээр өсвөрийн харваачдын баг Өвөрхангай аймагтаа тэргүүлэх үндэс суурь болсон байна.

   

Одоогийн байдлаар нийт 30 орчим сурагчийг шагайн харвааны сургалтад хамруулж зарим нь клубийн албан ёсны гишүүн болж байнга клубтээ хамрагдаад явж байна. Шагайн харвааны клубийн гишүүдийн ихэнх нь хөвгүүд байдаг бөгөөд тэд клубийн гишүүн болсноор Монгол ёс заншил өв соёлоосоо суралцаж, харилцан бие биесээ хүндлэх, багаар ажиллах, богино хугацаанд төвлөрөх, шагайн харвааны дэг жаягт тус тус суралцаад явж байна. Төслийн багийн гишүүд клубээрээ дамжуулан дүү нартаа хэрхэн шагай харвахыг зааж сургаад зогсохгүй сум, аймаг, бүсийн хэмжээний олон тэмцээн уралдаанд амжилттай оролцуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Клубийн гишүүдийн амжилт арвин. Анхны тэмцээн болох 2022 оны  Өсвөрийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 8 сумын Өсвөрийн баг харваачид цэц мэргэнээ сорьсноос клубээс төрөн гарсан баг харваачид багаараа мөнгөн медаль, 2023 оны Өсвөрийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн 2023 онд “Их өв” үндэсний шагайн харвааны цомын аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон ба тус тэмцээнд 9 сумын баг харваачид оролцож, манай клубийн баг багаараа тэргүүлж алтан медаль, цомын эзэн болжээ. “Алтан зурхай” төслийн багийн ахлагч А.Бямбасүрэн аймгийнхаа хүүхдүүдтэй хамт баг болон улсын баяр наадмын өсвөрийн харваанд оролцож хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ. Клубийн ахлагч А.Бямбасүрэн 8-р ангийн сурагч бөгөөд клубийнхээ гишүүдийг тэмцээнд орох бэлтгэлийг хариуцдаг аж. Тэрээр багш нь эзгүй байсан ч өөрөө ахлаад бэлтгэлээ сайн зохион байгуулдаг гэж клубийн гишүүд ам уралдан ярьж байлаа. Клубийн ахлагч А.Бямбасүрэн ESEL хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байдгаа дурдаад “Бидний зорилго бол улсын цолонд хүрч сум орон нутгийнхаа нэрийг өргөх. Клубийн гишүүдийнхээ дараа үеийг бэлдэх нь миний дараагийн даалгавар болоод байна” хэмээн зорилгоо танилцуулсан юм.

Ийнхүү П.Болдбаатар багш ESEL хөтөлбөрийн багш болсноор сумынхаа, сургуулийнхаа сурагчдыг хөгжүүлэх үйлсэд өөрийнхөө дуртай зүйлээрээ хувь нэмрээ оруулж, олон сурагчийг шагайн харваанд амжилт үзүүлэхэд дэмжин ажиллаж байна.