“Тэгш хамруулсан сургууль”, “Ойлгоод хамтаръя” төсөлт арга хэмжээ зохион байгуулав
Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл 2022 оноос хэрэгжиж байгаа билээ. Уг төслийг “Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) байгууллагаас боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон үзүүлсэн буцалтгүй тусламжийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам хэрэгжүүлж байна.
“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд чиглэгдэх бөгөөд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин Сайдын Яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), БНСУ-ын Олон улсын Хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), Хүүхдийг Ивээх Сан болон Монгол дахь хөгжлийн бусад түншүүд энэхүү хөтөлбөрийг дэмжин ажилладаг.
“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн “Тэгш хамран сургах боловсрол” бүрэлдэхүүн хэсэгт Архангай аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургууль, Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль, Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургууль, Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, Дарьганга сумын ерөнхий боловсролын сургууль, Түмэнцогт сумын ерөнхий боловсролын сургууль, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль, Цагаан нуур сумын ерөнхий боловсролын сургууль, Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 2-р сургууль, Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургууль, Ховд сумын ерөнхий боловсролын сургууль, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 25, 58, 71-р сургууль, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15, 118-р сургууль, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 88 дугаар сургууль тус тус хамрагдаж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Хүүхдийг Ивээх Сан, Төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Тэгш хамруулсан сургууль”, “Ойлгоод хамтаръя” төсөлт арга хэмжээг 2023 оны 10-12 дугаар сард гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд амжилттай зохион байгуулав.
“Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд үнэлгээ хийхэд оролцох чиглэлээр эцэг эхчүүдийн чадавхыг бэхжүүлэх” танхимын сургалтад зорилтот сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 90 эцэг, эх, асран хамгаалагч хамрагдаж, сургууль, багш нартай хамтран хүүхдийн хэрэгцээнд суурилсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх арга зүй, ур чадварыг эзэмшсэн байна. Мөн “Тэгш хамруулах боловсролын талаарх өнөөгийн нөхцөл байдлыг эргэцүүлэхүй” сэдэвт 4 цагийн модуль сургалтад 54 багшийг хамруулав.
Харин “Тэгш хамруулсан сургууль “ бичил төслийг 18 сургуульд зохион байгуулж, 6680 эцэг эх, асран хамгаалагчийг оролцуулан тэгш хамруулсан сургуулийн бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд багш, ажилтан, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх үр дүнтэй ажил боллоо. Түүнчлэн “Ойлгоод хамтаръя” бичил төслийг зорилтот 18 сургуульд зохион байгуулж, 10095 суралцагчийг хамрууллаа. Зорилтот ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн суралцагчдад ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн тухай эерэг ойлголт, зөв хандлагыг төлөвшүүлэн, сурагчдын өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, манлайллыг дэмжиж, тэдний үйл ажиллагааг идэвхжүүлэв.