Хамтын шийдэл ба хосолсон сургалт

 А.Уранчимэг бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2020 оноос хэрэгжиж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” (ESEL) сургалтын  зөвлөх багш юм. “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийг монгол-англи хэлний багш мэргэжлээр төгсөж, Сүмбэр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд багшилж, монгол хэл, бичиг-уран зохиолын хичээл зааж байна. Тэрээр зөвлөх багш болсон талаараа “Би төслийн талаарх мэдээлэл авч, зөвлөх багш болох сургалтад хамрагдсанаар хүүхдүүддээ хувь хүний хөгжлийн чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлэх шинэ боломж нээж өгөх, санхүүгийн зөв зохистой мэдлэг олгох, суралцагчдыг чадваржуулах явцдаа өөрөө хамт суралцах, хөгжих боломж байна хэмээн харсан. Төсөл хэрэгжиж эхлэх үед хүсэлт өгсөн багш нараас шалгарч, зөвлөх багш болсондоо баяртай байдаг” хэмээн ярьсан юм. Зөвлөх багш нар хүүхэд залуусын далд авьяас, ур чадварыг илрүүлэх, зорилгоо тодорхойлох, бие дааж ажиллах, энтрепренерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх арга барилд суралцжээ.

 

Танхимын болон цахим сургалт хослуулав

ESEL сургалт Сүмбэр суманд эхлэх үед тохиолдсон хамгийн том сорилт, бэрхшээл бол дэлхий даяар гарсан “КОВИД-19” цар тахал байлаа. Сургалт эхлээд хэд хоногийн дараа цар тахлын нөлөөгөөр орон нутагт хөл хорио тогтоож, сургалтыг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон. Энэ үед гарц гаргалгаа олж, сургалтаа цахим болон танхим хэлбэрээр явуулж төгсгөсөн аж. Нийт 66 цагийн сургалтын 23 цагийг танхимаар, 43 цагийг цахимаар зохион байгуулж, суралцагчид ч амжилттай төгссөн байна. Цахим сургалт давуу болон сул талтай байв. Давуу тал нь, суралцагчид бие даан сургалтын шинэ арга, технологи ашиглаж, асуудлыг шийдвэрлэж, шийдэл гаргаж сурчээ. А.Уранчимэг багш суралцагчидтайгаа хамт өөрийгөө хөгжүүлсэн нь мөн л давуу тал болов. Тэрээр, цахим сургалт явуулах оновчтой програм хангамжуудыг судлан, тэдгээрийг ашиглахад суралцагчдадаа ашиглахад тусалж байлаа. А.Уранчимэг багшийн хувьд одоо дөрөв дэх ESEL сургалтаа чиглүүлэн ажиллаж байна.

Төсөл чиглүүлж, амжилтад хүргэв

Түүний 2021-2022 оны хичээлийн жилд төгсгөсөн хоёр ангийн суралцагчид санаачилгаараа дөрвөн баг болон “Оюуны наран хүүхэд хөгжлийн танхим”, “Бяцхан эрдэмтэд”, “Мөнх тэнгэрийн бичиг”, “Movie club” гэсэн дөрвөн төсөл бичиж, тэтгэлэгт уралдаанд оролцжээ. Эдгээр төслийн хоёр нь эхний тэтгэлэгт уралдаанд тэнцсэн бол “Мөнх тэнгэрийн бичиг”, “Movie club” нь эхний уралдаанд шалгараагүй ч дахин сайжруулан оролцож, шалгаран тус бүрдээ 2,8 сая төгрөгийн санхүүжилт авчээ. А.Уранчимэг багш “Энэ бол сургалтын үр дүнгийн бодит илрэл юм” хэмээн танилцуулав. Дээр дурдсан дөрвөн төсөл 100 хувийн санхүүжилт авч, сургуулийн захиргааны дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлэх анги танхимаа өөрсдийн хүчээр тохижуулж, үйл ажиллагаагаа тогтвортой, амжилттай явуулж байна. Тэрээр 2023 оны намрын  ESEL ангийн суралцагчдын бичиж буй гурван төсөлд зөвлөн, дараагийн тэтгэлэгт уралдаанд оролцуулахаар төлөвлөжээ.  А.Уранчимэг “Сүмбэр сумын Засаг дарга, төслийн аймгийн болон сумын зөвлөлийн гишүүд, ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал Г.Сонинбат, сургалтын менежер Ц.Авирмэд, М.Мөнгөнбаатар нар олон талаар тусалж, тулгарсан бэрхшээл, асуудлуудыг шийдэхэд хамтран ажилласан. Төсөл амжилттай хэрэгжихэд энэ хүмүүсийн хувь нэмэр их байлаа” гэсэн юм.

Төгсөгчид амжилт, бүтээл ихтэй байна

А.Уранчимэг багшийн чиглүүлж сургасан хүүхдүүд амжилтаар арвин байлаа.  Тухайлбал, “Бяцхан эрдэмтэд” төслийн ахлагч 12 дугаар ангийн сурагч О.Урангоо ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад ESEL сургалтаа амжилттай төгсөж, хувь хүний ур чадвараа хөгжүүлсэн болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон байдал нь давуу тал болжээ.

Сүмбэр сумын иргэн С.Цогзолбаатар: (Нэгдүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ц.Тэмүүлэнгийн аав) “Манай хүү сургалтаас маш их зүйлсийг сурсан. Төсөл бичих, төлөвлөх, хэрэгжүүлэх, мөнгөө зөв зарцуулах, багаар хамтарч ажиллах, бусдын өмнө санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэргээс гадна нийгмийн идэвх оролцоо сайжирч, хичээлдээ оролцох оролцоо ч нэмэгдсэн, баримт бичгийн боловсруулалт, бүрдүүлэлт гэх мэт олон талын чадваруудтай болсон” гэж уг сургалтад хамрагдаад хүү нь хэрхэн өөрлөгдсөн талаар сэтгэгдлээ хуваалцлаа. “Оюуны наран хүүхэд хөгжлийн танхим” төслийн багийн гишүүн Ц.Эмүжин “Уранчимэг багш бидэнд ESEL сургалтыг маш сонирхолтой арга хэлбэрээр, ойлгомжтой зааж, хүүхдийн онцлог, сонирхолд нийцүүлэн хүүхэд бүрд хүрч ажилласан. Мөн багаар ажиллуулахдаа хүүхэд бүрийн албан тушаал, үүрэг хариуцлагыг нь мэдрүүлж, бие дааж, эсвэл багаар хөгжих боломжуудыг нээж өгсөн. Манай баг тэтгэлэгт уралдаанд шалгарч, санхүүжилтээ аваад хүүхэд хөгжлийн танхимаа өөрсдийн гараар хамтран тохижуулж, засварын ажлыг хийсэн нь хамгийн гайхалтай, дурсамжтай мөч байсан” гэж ярилаа.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2020 оноос “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл амжилттай хэрэгжиж, суралцагчид, төсөл хэрэгжүүлж буй хүүхдүүд, зөвлөх багш нар ч амжилтаар дүүрэн, урам зоригтой явна. Амжилтаар дүүрэн зөвлөх багшийн нэг А.Уранчимэгийн талаар өгүүлэхэд ийм байна.