Сургалтаа явуулж, төслөө чиглүүлэгч

А.Уранчимэг бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2020 оноос хэрэгжиж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” (ESEL) сургалтын  зөвлөх багш юм. Түүний хувьд “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийг Монгол-Англи хэлний багш мэргэжлээр төгсөж, одоо Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1-р сургуульд Монгол хэл, бичиг- Уран зохиолын багшаар ажиллаж байна. Тэрээр зөвлөх багш болсон талаараа “Би төслийн талаарх мэдээлэл авч, зөвлөх багш болох сургалтад хамрагдсанаар хүүхдүүддээ хувь хүний хөгжлийн чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлэх шинэ боломж нээж өгөх, санхүүгийн зөв зохистой мэдлэг олгох, суралцагчдыг чадваржуулах явцдаа өөрөө хамт суралцах, хөгжих боломж байна хэмээн харсан. Төсөл хэрэгжиж эхлэх үед хүсэлт өгсөн багш нараас шалгарч, зөвлөх багш болсондоо баяртай байдаг” хэмээн ярьсан юм. Зөвлөх багш нар хүүхэд залуусын далд авьяас, ур чадварыг илрүүлэх, зорилгоо тодорхойлох, бие дааж ажиллах, энтрепренерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг ур чадвар эзэмшүүлэх арга барилд суралцжээ.

 

Танхимын болон цахим сургалт хослуулав

 ESEL сургалт Сүмбэр суманд эхлэх үед тохиолдсон хамгийн том сорилт бэрхшээл бол дэлхий даяар гарсан Ковид-19 цар тахал байлаа. Сургалт эхлээд хэд хоног өнгөрсний дараа цар тахлын нөлөөгөөр орон нутагт хөл хорио тогтоож, цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон үед сургалтаа цахим болон танхим хэлбэрээр явуулж төгсгөсөн аж. Нийт 66 цагийн сургалтын 23 цагийг танхимаар, 43 цагийг цахимаар зохион байгуулж, суралцагчид ч амжилттай төгссөн байна. Цахим сургалт давуу болон сул талуудтай байв. Давуу тал нь суралцагчид бие даан сургалтын шинэ арга, технологи ашиглаж, асуудлыг шийдвэрлэж, шийдэл гаргаж сурчээ. Энэ үед суралцагчидтайгаа хамт өөрийгөө хөгжүүлсэн нь мөн л давуу тал болов. Тэрээр цахим сургалт явуулах оновчтой программ хангамжуудыг судлан, суралцагчдадаа ашиглахад тусалж байлаа. А.Уранчимэг багшийн хувьд одоо дөрөв дэх  ESEL сургалтаа чиглүүлэн ажиллаж байна.

Төсөл чиглүүлж амжилтад хүргэв

Түүний 2021-2022 оны хичээлийн жилд төгсгөсөн 2 ангийн суралцагчид өөрсдийн санаачилгаар дөрвөн баг болон “Оюуны наран хүүхэд хөгжлийн танхим”, “Бяцхан эрдэмтэд”, “Мөнх тэнгэрийн бичиг”, “Movie club” гэсэн 4 төсөл бичиж, тэтгэлэгт уралдаанд оролцжээ. Эдгээр төслүүдийн 2 төсөл нь эхний тэтгэлэгт уралдаанаар тэнцсэн бол “Мөнх тэнгэрийн бичиг”, “Movie club” төслүүд нь эхний уралдаанд шалгараагүй ч дахин сайжруулан оролцож, шалгаран тус бүрдээ 2.8 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. А.Уранчимэг “Манай дөрвөн багийн төсөл шалгарч, санхүүжилт авсан нь сургалтын үр дүнгүүдийн нэг байлаа” хэмээн танилцуулав.  Эдгээр төслүүд нь 100 хувийн санхүүжилтээ авч, сургуулийн захиргааны дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлэх анги танхимаа өөрсдийн хүчээр тохижуулж, үйл ажиллагаагаа тогтмол, амжилттай явуулж байна. Тэрээр 2023 оны намрын  ESEL ангийн суралцагчдын бичиж буй 3 төсөлд зөвлөн, дараагийн тэтгэлэгт уралдаанд оролцуулахаар төлөвлөжээ.  А.Уранчимэг “Төсөл амжилттай хэрэгжихэд Сүмбэр сумын Засаг дарга, төслийн аймгийн болон сумын зөвлөлийн гишүүд, Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал Г.Сонинбат, сургалтын менежер Ц.Авирмэд, М.Мөнгөнбаатар нар олон талаар тусалж, тулгарсан бэрхшээл, асуудлуудыг шийдэхэд хамтран ажилласан” хэмээн ярилаа.

Төгсөгчид амжилт, бүтээл ихтэй байна

Түүний төгсөгчид амжилтаар арвин байлаа.  Тухайлбал “Бяцхан эрдэмтэд” төслийн ахлагч 12-р ангийн суралцагч О.Урангоо ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад ESEL сургалтаа амжилттай төгсөж, хувь хүний ур чадвараа хөгжүүлсэн болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон байдал нь давуу тал болжээ.

Сүмбэр сумын иргэн С.Цогзолбаатар: (1-р сургуулийн 10-р ангийн сурагч Ц.Тэмүүлэнгийн аав) “Манай хүү сургалтаас маш их зүйлсийг сурсан. Төсөл бичих, төлөвлөх, хэрэгжүүлэх, мөнгөө зөв зарцуулах, багаар хамтарч ажиллах, бусдын өмнө санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэргээс гадна нийгмийн идэвх оролцоо сайжирч, хичээлдээ оролцох оролцоо ч нэмэгдсэн, баримт бичгийн боловсруулалт, бүрдүүлэлт гэх мэт олон талын чадваруудтай болсон” гэж уг сургалтад хамрагдаад хүү нь хэрхэн өөрлөгдсөн талаар сэтгэгдлээ хуваалцлаа. “Оюуны наран хүүхэд хөгжлийн танхим” төслийн багийн гишүүн Ц.Эмүжин “Уранчимэг багш бидэнд ESEL сургалтыг маш сонирхолтой арга хэлбэрээр, ойлгомжтой зааж, хүүхдийн онцлог, сонирхолд нийцүүлэн хүүхэд бүрд хүрч ажилласан. Мөн багаар ажиллуулахдаа хүүхэд бүрийн албан тушаал, үүрэг хариуцлагыг нь мэдрүүлж, бие дааж, эсвэл багаар хөгжих боломжуудыг нээж өгсөн. Манай баг тэтгэлэгт уралдаанд шалгарч, санхүүжилтээ аваад хүүхэд хөгжлийн танхимаа өөрсдийн гараар хамтран тохижуулж, засварын ажлыг хийсэн нь хамгийн гайхалтай, дурсамжтай мөч байсан” гэж ярилаа.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2020 оноос “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл амжилттай хэрэгжиж, суралцагчид, төсөл хэрэгжүүлж буй хүүхдүүд, зөвлөх багш нар ч амжилтаар дүүрэн, урам зоригтой явна. Амжилтаар дүүрэн яваа зөвлөх багшийн нэг А.Уранчимэгийн талаар өгүүлэхэд ийм байна.