Төслийн үр дүнгийн уулзалт Говь-Алтай аймагт боллоо

Хүүхдийг Ивээх Сангийн Говь-Алтай аймагт хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн 2023 оны үр дүнгийн уулзалт 2024 оны 1 дүгээр сарын 11-нд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо. Тус уулзалтад Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ж.Амгаланбаатар, мэргэжилтнүүд, Есөнбулаг сумын Баянхайрхан багийн хамтарсан багийн гишүүд, Дарив сумын хамтарсан багийн гишүүд, Есөнбулаг сумын 4-р сургуулийн төслийн ажлын хэсгийнхэн оролцов.

Хүүхдийг Ивээх Сан хамтрагч байгууллагууддаа төслийн 2023 оны үр дүнг тайлагнаж, зорилтот сургуулиуд болон хамтарсан багуудын ажлын тайланг хуваалцаж, 2024 оны төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн Есөнбулаг сумын Баянхайрхан болон Дарив сумын хамтарсан багт аюулгүй байдлын цүнх хүлээлгэн өглөө.

 

Уулзалтыг нээж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат хэлэхдээ “Төрийн байгууллагын хүний нөөц, мэдлэг туршлага шаардлагатай хүүхэд хамгааллын нарийн мэргэжлийн салбарт Хүүхдийг Ивээх Сан манай аймгийн мэргэжилтнүүд, эцэг эх олон нийт, хүүхдүүдийг чадавхжуулж ажиллаж байгааг аймгийн удирдлагаас дэмжиж ирсэн, цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно. Манай Говь-Алтайчууд бидэнд мэдлэг туршлагаа харамгүй зориулж байгаа төслийн баг хамт олонд хариуцлага, санаачлага, зүтгэлээрээ сурсан мэдсэнээ чанартай бодит ажил болгож харуулан хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэж цохон тэмдэглэлээ.  Уулзалтын төгсгөлд Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон “Бид төслөө Говь-Алтай аймагт хэрэгжүүлсэн эхний жилийнхээ үр дүн, амжилт ололт, сорилт бэрхшээлээ орон нутгийн удирдлага, төрийн захиргааны байгууллагууд, төсөл хамтран хэрэгжүүлэгч сургуулиуд болон хамтарсан багтайгаа хэлэлцэж, 2024 оны төлөвлөлтөө танилцууллаа. Говь-Алтайчууд маань төслөөс суралцсан мэдлэгээ санаачлагаар баяжуулан туршлага болгож, хандлагын өөрчлөлтийг зүтгэлтэй, хурдтай гаргаж эхэлсэн нь онцлог байлаа.   Есөнбулаг сумын 4-р сургууль, Дарив сумын сургуулиуд болон хамтарсан багууд төслийн багийн зөвлөмжийг хэрэгжүүлэн манлайлан ажиллаж байгаа нь төслийн үр дүнг орон нутагтаа бусад сумдад түгээн дэлгэрүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм. Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэгээ бататган, хандлага болгож, хандлагаа дадал болгож чадвал хүүхэд хамгааллыг хэрэгжүүлж чадах бөгөөд үүнд орон нутгийн санаачлага, дэмжлэг нэн чухал. Санаачлагуудаас дурдвал, Говь-Алтай аймгийн Дарив  сумын Засаг дарга М.Мэндбаяр  2023 оны 5 дугаар сарын 18-нд 5 үндсэн агуулга бүхий захирамж гаргасан. Энэхүү захирамж нь хүүхдээр мотоцикл буюу тээврийн хэрэгсэл унуулахгүй байх, сургуулиас гэр, гэрээс сургуулийн хооронд гараас гарт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн оролцоотойгоор сургууль дээр хүүхдийн эрхийн нөхцөл байдалд шинжилгээ хийх тухай маш өргөн агуулгатай, олон асуудлыг мэргэжлийн түвшинд гаргаж тавьсан нь онцлох нэгэн үр дүн байлаа” хэмээн дүгнэлээ.

 

Мөн Есөнбулаг сумын 4-р сургуулийн захирал Ч.Сэндэрмаа “Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тус сургууль нь хүүхдэд ээлтэй сургууль болох зорилгоор эхний жилдээ хамтран хэрэгжүүлж ажиллалаа. 2023 онд хийсэн ажлаа дүгнэж үр дүнгийн уулзалтыг зохион байгуулсан нь төсөл хэрэгжүүлэгч баг харилцан туршлагаа солилцож, бусад төрийн байгууллагын ажилтнуудад таниулах, түгээн дэлгэрүүлэх ажил боллоо. Мөн дараа жил хийх төлөвлөлтийг хамтран ярилцлаа. 2023 онд бид сурагчдын сурч хөгжих үйл явцыг багш, эцэг эхчүүд хүчирхийлэлгүйгээр хэрхэн дэмжих талаар, сайн сургууль, сайн багш хэрхэн болох, түүнчлэн сайн эцэг эх гэж өнөө цагт олон улсад ямар чадамжтай хүмүүсийг хэлж байна вэ гэхчлэн практикт нэвтрүүлэх нэн шаардлагатай багц мэдлэгүүдийг хүлээн авсандаа баяртай байна.” гэв.

Хүүхдийг Ивээх Сан “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг  Хүүхдийг Ивээх Сангийн Олон Улсын Эвслийн санхүүжилтээр Улаанбаатар хот, Говь-Алтай, Ховд аймагт 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж байна. Хүүхэд хамгааллын энэхүү цогц төсөлд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан баг хамрагдаж байгаа юм.

Уг төслөөр багш, сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүдийг хүүхдийн сурч, хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар хэрхэн дэмжихэд сургах, сургууль болон хамтарсан багийн хамтын ажиллагааг сайжруулан бэхжүүлэх, улмаар эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхэд хамгааллын асуудалд анхаарч, хүүхэд хамгаалалд идэвхтэй оролцдог практик бий  болгоно.