Оролцоонд тулгуурлаж зохиосон, олуулаа мөрдөх ангийн дүрэм
Хэрвээ та ерөнхий боловсролын сургуулийн анги даасан багш бол хүлээцтэй, уян зөөлөн бас тэсвэр тэвчээртэй байхын зэрэгцээ харилцааны олон сорилтыг даван туулахад бэлтгэгдсэн байх ёстой. Сургуульд хүүхэд шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдлэг олж аван, шинэ мэдлэгт суралцах арга барилаа эзэмшихээс гадна ирээдүйд нийгэмшин амьдрахад, тухайлбал харилцааны янз бүрийн орчинд, нас насны, янз бүрийн амьдралын чанар, туршлагатай хүмүүстэй нийгэмд насан туршдаа биеэ авч явах хэм хэмжээнд суралцдаг тул багш хүн соён гэгээрүүлэгч байж, сониучхан, томоогүй, зөрүүд, нухацтай, дөлгөөн гэхчлэн ялгаатай ааш араншин, үзэл бодолтой олон хүүхдийг чиглүүлэх үүрэг хүлээдэг. Тэгвэл хүүхдүүдийн оролцоо, саналд тулгуурлаж зохиосон ангийн дүрмээр багийг удирдах эрэл хийж буй нэгэн багшийн тухай танилцуулъя. Энэ бол Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн Биологийн багш О.Мядагмаа юм.
Төслийн тухай товчхон….
Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн үйл ажиллагаа сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авахад, сургууль болон хамтарсан багийн хамтын ажиллагааны сайн зохицуулалт, хяналтын тогтолцооны загвар бий болгоход чиглэж байгаа юм. Түүнчлэн сурагчдад эрхийг нь мэдүүлж, эрхийн зөрчлийг таньдаг болгож, эрхийн зөрчил гарвал хэнд, хаана, хэрхэн хандахаа ойлгож, улмаар аливаа асуудалтай тулгарсан үед өөрийгөө халамжлах болон үе тэнгийнхэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ур чадварт суралцуулах, хүүхэд хамгааллын асуудлаар хүүхдийн дуу хоолойг холбогдох байгууллагуудад хүргэж, бодлого журмуудад тусгах ажлуудыг гүйцэтгэж байна.
Сургалтын мэдлэгээ хэрэгжүүлж, бусдад түгээхээр шийдэв
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль дээр 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлжээ. Мядагмаа сургууль дээрээ явагдсан сургалтад хамрагдав. Сургалтын эхний хэсгийн сэдвүүдийн нэг нь ангийн дүрэм байлаа. О.Мядагмаа сургалтын талаар “Би “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн сургалтаас олон зүйлийг сурч мэдсэн. Үүн дотроос ангийн дүрмийн хэсэг надад илүү сонирхолтой байлаа. Ангийн дүрэм бол хүүхдийг бусадтай баг болоход, багийн гишүүн байхад, хамтран ажиллахад, өөрөө оролцсон, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд зохицон амьдарч сурахад нэн чухал туршлага болох юм гэдгийг Хүүхдийг Ивээх Сангийн багш нараасаа сурч авсан. Ангийн дүрэм бол сурагчдын сурч хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар чиглүүлэх чухал хэрэглүүр болж байна” хэмээн ярилаа. Тэрээр сурсан зүйлээ сургуулийнхаа багш, сурагчдад бүтээлчээр түгээхээр шийдэж, ангийн дүрмийг сонгож, судалгаа хийн, сургуулийнхаа эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавихаар шийджээ.
Мэдлэгээ хуваалцаж, ангийн дүрмийн судалгаа хийв
О.Мядагмаа багш эхлээд ангийн дүрмийн талаар сурагчдын дунд судалгаа хийв. Энэхүү судалгааны “Ангийн дүрэм яагаад чухал вэ?” гэсэн асуултад судалгаанд хамрагдсан сурагчдын 79 хувь нь сургууль, анги дэг журамтай байснаар суралцах үйл явцад анхаарал төвлөрнө, бие биедээ хүндэтгэлтэй хандана, 11 хувь нь ямар нэг эрсдэлээс хол байлгана, хамгаална, 5 хувь нь асуудлаа ярилцана, ангиараа шийднэ гэж хариулжээ. Харин “Сурагчид ангийн дүрмээ хичээлийн үед хэр мөрддөг вэ?” асуултад 68 хувь нь мөрддөггүй, 14 хувь нь хичээлийн үед сайн мөрддөг, 14 хувь нь заавал сануулж байж мөрддөг, 4 хувь нь огт мөрддөггүй гэсэн байв. Түүнчлэн “Сайн анги гэж ямар ангийг хэлэх вэ?” асуултад 39 хувь нь анги хамт олноороо хамтдаа ажилд манлайлан оролцдог, 23 хувь нь бусдад үлгэр жишээч, 18 хувь нь байнга идэвх санаачилгатай, 20 хувь нь эв нэгтэй, дээрэлхэлгүй гэж гэж хариулсан байна. Ангийн дүрэм яагаад чухал талаар О.Мядагмаа “Судалгаанаас үзэхэд сайн менежменттэй анги байхын тулд ангийн сурагч нэг бүрийн оролцоо хамгийн чухал нь харагдсан. Ангийн дүрмийг амжилттай хэрэгжүүлбэл сурагчдын идэвхтэй оролцоогоор дамжуулан багш болон байгууллагын менежментийг сайжруулах боломжтой” хэмээн тайлбарлав. Аливаа асуудалд санал, шийдэл хамгийн чухал. Түүний хувьд “Ангийн дүрмийг сурагч бүрийн оролцоотой боловсруулах, хэрэгжүүлэх, ангийн дүрмийг хэрэгжүүлснээр гарсан эерэг өөрчлөлтүүдийг сурталчлах, түгээх, ангийн дүрмийг “үнэт зүйл” болгох, ангийн дүрмийн хэрэгжилтээр дамжуулан сургалтын үеийн сургуулийн дотоод дүрмийг тогтоох” гэсэн санал, шийдлээ багш нартаа танилцуулжээ.
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөс гарч буй үр дүн, амжилтуудын нэгийг товч танилцууллаа. Төслийн ажлын хэсгийн гишүүд, сургагч болон сургалтад хамрагдсан багш нар олж авсан мэдлэг, ур чадвар, арга зүйгээ ашиглан, олон бүтээлч ажил санаачилж, хэрэгжүүлж байна. Багш О.Мядагмаа бол тэдний нэг юм.