Бүтээлч, оюунлаг “Step By Step” төсөл
“Ном бол ертөнцийг харах цонх мөн”, “Их унших тусам илүү их зүйлийг мэдэх болно”, “Та хэдий чинээ их сурна, төдий чинээ олон газар очих болно”, “Ярихаасаа өмнө бод. Бодохоосоо өмнө унш” зэрэг ном унших тухай гайхалтай, онч мэргэн үгс олон бий. Тэгвэл хүүхдүүдэд мэдлэгээ тэлэх цонх, шинийг мэдэх урам болсон, бүтээлч, оюунлаг төслийн амжилтын түүхийг хуваалцъя. Энэ бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Alpha” багийн “Step By Step” төсөл юм.
Сурагч З.Анхзаяа, Б.Баттөгөлдөр, Ц.Ууганцэцэг, Б.Өлзийжаргал нар “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL сургалтад хамрагдсаны дараа нэг баг болж, 2022 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан “Энтрепренер Seeds” тэтгэлэгт уралдаанд амжилттай оролцон, санхүүжилт авчээ. Үүнд төслийн чиглүүлэгч багшаар ажилласан нийгмийн ажилтан Г.Цоодолын дэмжлэг ч түлхэц болсон аж. Тэдний төслийн санаа энгийн боловч ач холбогдол ихтэй. Төслийн гишүүд сумын болон сургуулийн номын сан сонголт бага байгааг ажиглан уншигчдад өргөн сонголт, хямд үнийг санал болгохоор зорьсон байна. Төслийн санхүүжилтээр бестселлер болсон эрэлт ихтэй номуудыг худалдан авсан нь сурагчид болон сумын иргэдийн оюунд хөрөнгө оруулалт хийсэн шинэлэг үйл ажиллагаа болсон ба номын дэлгүүрээс дундаж үнэтэй нэг ширхэг ном худалдаж авах үнийн дүнгээр багадаа 7 ном түрээслэж унших боломжийг тэд олгодог болжээ.
“Step By Step” төсөл юу хийдэг вэ? Төслийн санхүүжилтээр авсан номоо үндсэн үнийн 10 хувиар түрээслэн уншуулахаас гадна 3 долоо хоног дараалан ном түрээсэлж уншсан үйлчлүүлэгчдэдээ хүссэн нэг номоо үнэгүй түрээслэн унших эрхээр урамшуулдаг байна. Мөн байнгын үйлчлүүлэгч нартаа 2 долоо хоног тутамд кофе бэлэглэж, сар тутам сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийн мэдлэгээ бататгах, бусадтай нээлттэй харилцахад нь туслахуйц номын хэлэлцүүлэг өрнүүлдэг байна.
Яагаад заавал цаасан ном гэж? Мэдээж, интернэтэд асар олон тооны үнэгүй ном байхад яагаад цаасан хэвлэмэл ном унших ёстой вэ гэсэн асуулт гарна. Цахим ном буюу компьютер, утас, пад зэрэг төхөөрөмж нь хэт ягаан туяа цацруулдаг тул дан ганц нүдний хараанд муугаар нөлөөлөөд зогсохгүй бусад эрхтэнд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Цаасан буюу хэвлэмэл ном унших үеийн үнэр, гарт баригдах мэдрэмжүүд зэрэг нь бидний баруун тархинд байрлах санах ойд тухайн номыг илүү тод үлдэхэд нөлөөлдөг аж.
Төсөл хэрэгжиж эхэлснээр сургуулийн сурагчдаас гадна багш, ажилтнууд, сумын иргэд хүртэл үйлчлүүлж байсан нь тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийн хүссэн номоо хямд үнээр унших хэрэгцээг хангаж чадсан юм. Багийн гишүүн З.Анхзаяа “Бид үйл ажиллагаагаа эхэлснээс хойш давхардсан тоогоор 78 хүнд номоо түрээслүүлсэн. Уншигчдаас ирсэн сэтгэгдлээс урам зориг, эрч хүч авдаг” хэмээн ярилаа.
Тэдэнд ирсэн уншигчдын сэтгэгдлүүдээс хуваалцья. Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Эрдэнэчимэг “Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамтран хүүхэд багачуудад төдийгүй насанд хүрэгчдийн хэрэгцээнд нийцсэн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Alpha” багийн “Step by step” ном түрээсийн төсөл юм. Энэхүү төсөл нь хэрэглэгчдийнхээ санхүүг хэмнэхээс гадна оюуны маш том хөрөнгө оруулалт хийж байна. Түрээсийн номын дэлгүүр нь номын сонголт ихтэй, сүүлийн үеийн бестселлер болж байгаа номуудыг санал болгодог нь маш таатай байдаг. Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр хүүхэд залуус номонд дурлан, шимтэн уншиж байгаа нь ажиглагдсан” хэмээн бичжээ. Тэгвэл Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч А.Анужин “Энэ түрээсийн номын дэлгүүр нь хүүхэд бидэнд орчин үеийн бестселлер болж буй номнуудыг түрээсийн буюу үндсэн үнээсээ бага өртгөөр унших боломж олгож байгаа нь ном унших сэдлийг илүү ихээр өгсөн. Мөн түрээслэхдээ хугацаа зааснаар номоо чөлөөт цагаараа бус харин зав гаргаж, завгүй мэт завтай цагуудыг зөв зохистой үр дүнтэй зарцуулахад минь тусалдаг” хэмээн дурджээ.
“Alpha” багийн гишүүд өнөөдөр хичээл сургалтынхаа хажуугаар ажлаа төлөвлөн номоо түрээслэх, маркетинг сурталчилгаа хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, цаг баримтлах, даасан ажлаа цаг тухайд нь чанартай гүйцэтгэх, багаар ажиллах, мөнгө санхүүтэй харьцах чадваруудаа сайжруулж, хамтдаа хөгжсөөр байна.
Хүүхдийг Ивээх Сангийн Өвөрхангай аймгийн Хужирт суманд хэрэгжиж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL сургалт хүүхдүүдэд ур чадвар, энтрепренершип боловсрол олгохоос гадна өөрсдийгөө шинээр нээх, хөгжих, сурах бас сорих боломжийг ч олгосоор байна.