Тэтгэлэгт хамрагдсан 13 оюутан хоол зүйч мэргэжлээр суралцаж төгслөө
-Ерөнхий боловсролын сургуулийн 36 хоол зүйчийг бакалаврын түвшинд бүрэн тэтгэлгээр сургана-
Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төсөл”-ийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 36 хоол зүйчийг бакалаврын түвшинд бүрэн тэтгэлгээр санхүүжүүлэн сургана. Өнгөрсөн 2023 онд “Хоол зүйч” мэргэжлээр эхний 13 суралцагч амжилттай төгсөж, гэрээт ерөнхий боловсролын сургуульдаа ажиллаж байна. Энэ удаа мөн 13 оюутан хоол зүйч, шим тэжээл судлаач мэргэжлээр төгсөж, 2024 оны 1 дүгээр сарын 19-нд дипломоо гардан авлаа. Тус хөрвүүлэх сургалтаар нийтдээ 26 хоол зүйч, шим судлаач ерөнхий боловсролын сургуульд ажиллах боломж бүрдсэн юм.
Төгсөгчдийн нэг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч Г.Туяат-Од “Бид төслийн санхүүжилтээр суралцаж төгслөө. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь бидэнд ажиллангаа суралцах боломж олгохоос гадна суралцаж төгсөөд гэрээт ажлын байр бэлэн байдаг учраас илүү их хичээж сурах шаардлагатай байсан. Эрүүл хүнс хэрэглэснээр эрүүл байдаг учраас энэ мэргэжил чухал юм” хэмээн ярилаа.
Хоол зүйчийн мэргэжил нь хооллолтоос шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүн амын өдөр тутмын хооллолт, хоолоор авах шимт бодисын зохист харьцаа, хооллох зөв дадал зуршил шийдвэрлэх нөлөөтэй нийгмийн эрүүл мэндийн салбарын чухал мэргэжил юм. Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд боловсролын салбарын гүйцэтгэх үүрэг нэн чухал учир “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслөөр суралцагчийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэхэд чиглэсэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоог сайжруулахаар ажиллаж байна. Тухайлбал, төслийн 2-р бүрэлдэхүүн хэсэг болох “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ”-ний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн “Хоол зүйч”-ийг богино хугацааны “хөрвүүлэх сургалт”- аар бэлтгэж эхэлсэн юм. Төсөл хэрэгжих хугацаанд нийт 36 хоол зүйч, шим тэжээл судлаачийг бэлтгэхээр зорьж байгаа бөгөөд сургалтыг ШУТИС–ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль зохион байгуулж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам нь “Боловсролын дэлхийн түншлэл” байгууллагын буцалтгүй тусламжаар “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг 2022-2025 онд гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд санхүүгийн болон техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх бөгөөд Хүүхдийг Ивээх Сан төслийн санхүүжилтийг зохицуулагч байгууллагаар ажиллаж байна.