“Даван туулагч” баримтат уран сайхны киноны нээлт боллоо

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөр нь  НҮБ-ын Итгэлцлийн Сангийн санхүүжилттэйгээр  “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг 2021-2024 онд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нийт 25 хамтарсан баг, 15 сургууль дээр хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд “Чи ганцаараа биш” нэртэйгээр хүүхэд, эцэг эх олон нийт, чиглэлийн мэргэжилтнүүдэд тус тус зориулсан нийт 3 үе шаттай сошиал цуврал нөлөөллийн ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Үүний 3 дугаар үе шатны нөлөөллийн ажлыг хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд зориулан “Даван туулагч” баримтат уран сайхны киног бүтээлээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажилласан тус киноны нээлт 2024 оны 1 дүгээр сарын 25-нд Blue Sky зочид буудлын Diamond танхимд боллоо. Нээлтэд Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж байгаа “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөлтэй хамтран ажиллагч бүх талуудын төлөөлөл, албаны хүмүүс, хүүхэд хамгааллын салбарын мэргэжилтнүүдийн төлөөлөл тус тус оролцов.

                                       

“Даван туулагч” баримтат уран сайхны киног бэлгийн хүчирхийллийн хохирогч/даван туулагчид үзүүлэх үйлчилгээний чанарыг ахиулах, үйлчилгээ үзүүлж ажилладаг мэргэжилтнүүдийн сэтгэцийн гэмтэлд суурилсан, даван туулагчид ээлтэй үйлчилгээний арга зүйн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, зөв туршлагыг харуулахыг зорьсон бөгөөд хүүхдийн өнөө ирээдүйд хүнд болон амьдралд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд нь туслах, хүүхэдтэй ажилладаг салбарууд, үүн дотор, хүүхэд хамгааллын салбарын хүний нөөцийн хөгжилд зориулсан байна. Мөн тус кинонд хүүхэд хамгааллын салбарын ажилтнууд өөрсдөө оролцон тоглож, бодит байдал дээр тулгардаг бэрхшээлүүд, түүнийг даван туулах гарц гаргалгааг эрэлхийлснээрээ онцлогтой юм.