“Би найзаа дэмжинэ” сургалтын чиглүүлэгчдийг бэлтгэлээ

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд үе тэнгийнхэндээ сэтгэл зүйн анхны тусламж (САТ) үзүүлэх ур чадвар олгох арга зүйн Чиглүүлэгч бэлтгэх сургалтыг 2024 оны 1 дүгээр сарын 22-24-нд нийслэлийн 73, 75, 2-р сургууль дээр зохион байгууллаа.

Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон сургалтын нээлтэд хэлсэн үгэндээ “Хүүхдэд насанд хүрэгчдийн онцгой анхаарал, халамж, хамгаалал  шаардлагатай байдаг. “Би найзаа дэмжинэ” арга зүй нь хүүхдүүдийн үе тэнгийнхнээ дэмжих чадавхыг хөгжүүлж, насанд хүрэгчдийн туслалцаа чиглүүлгийн дор аюулгүй байдлыг нь хангаж өгвөл тэд найз нөхөд, үе тэнгийнхэндээ тусалж чадах хүчтэй болохыг харуулдаг. Ингэхдээ хүүхдийн хүний эрхэм чанарыг дээдэлж, үзэл бодолтой байж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь дэмжиж, өөрийгөө болон бусдыг ойлгож, өөртөө болон бусдад туслах сэтгэлээ хөгжүүлэхэд нь тусалдаг” хэмээн онцлов.

               

Чиглүүлэгч бэлтгэх сургалтад нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн төслийн зорилтот ерөнхий боловсролын 10 сургуулийн 100 багш, ажилтан хамрагдаж, гэрчилгээгээ авлаа. Эдгээр чиглүүлэгчид төслийн хугацаанд тус тусын сургууль дээрээ 500 сурагчийг үе тэнгийнхнээ дэмжигч болгон бэлтгэх сургалт зохион байгуулах юм. Нийслэлийн 73-р сургуулийн сэтгэл зүйч Р.Гэрэлчимэг “Чиглүүлэгчид хүүхдүүд хүүхдэдээ сэтгэл зүйн анхан шатны тусламжийг зөв өгч сурахад нь чиглүүлэх, үе тэнгийн чиглүүлэгчдийг бэлтгэх үүрэгтэй. Нэг чиглүүлэгч бүх хүүхдэд хүчр ажиллах боломжгүй. Тиймээс чиглүүлэгч хүүхдүүд үе тэнгийнхэндээ  сэтгэл зүйн анхны тусламж үзүүлж, сонсож, дэмжих юм” хэмээн ярилаа. Мөн нийслэлийн 17-р сургуулийн нийгмийн ажилтан Ж.Сэржмядаг “Сургалтын гарын авлага их хэрэгцээтэй байлаа. Бидний ширээний ном болж байна. Энэ гарын авлагаас олон зүйлийг сурч, ашиглах боломж бүрдүүлжээ” гэв.

               

Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн Монгол хэл-Уран зохиолын багш Б.Эвсэгбаяр “Оролцогчид онолоо ойлгоод тэр даруйд нь бататгах дасгалуудаа хийж байсан. Чиглүүлэгч багшийн болон хүүхдүүдэд сургалт явуулах хоёр төрлийн гарын авлага ашиглан сургалтаа явуулснаараа онцлогтой” гэж сэтгэгдлээ хуваалцав.

“Би найзаа дэмжинэ” сургалтад хамрагдсан хүүхдүүд найз нөхөд, үе тэнгийнхнийхээ сэтгэлийн зовуурийн шинж тэмдгийг таних, тэднийг анхааралтай сонсож, тайвшруулах, сэтгэлийн зовуурь, хэрэгцээг нь таньж ойлгох, шаардлагатай үйлчилгээгээ авахад нь холбон зуучлах чадваруудад суралцдаг.