“Гэрэлт бөмбөлөг”-тэй хамт бүтээх гэгээн дурсамжууд

Аливаа баяр ёслол хүний амьдралд гэгээн дурсамж, баяр баясал үлдээдэг. Тэр дурсамжийг бүтээхэд гэрэл зураг, видео бичлэг, байршил, чимэглэл гээд олон зүйлүүд үүрэгтэй. Тэгвэл ийм нэгэн дурсамж бүтээх төсөл хэрэгжүүлж байгаа хүүхдүүдтэй танилцъя.

Энэхүү төслийн баг нь 3 гишүүнтэй. Тэд хамтдаа Хүүхдийг Ивээх Сангаас Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL сургалтын хөтөлбөрт хамрагдах үедээ нэг баг болж, бие биетэйгээ анх танилцжээ. Сургалтаар нэг баг болж, багтаа өөр өөрсдийн тодорхой чиглэлийн дагуу үүрэг гүйцэтгэдэг байв. Тиймээс ESEL хөтөлбөрөөс тус бүртээ өөр өөрийн онцлогт нийцсэн ур чадваруудыг эзэмшсэн байна.. Тухайлбал: өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, багаар ажиллах, ажлаа зөв төлөвлөж, цаг баримтлах, төсөл бичих, түүнийгээ танилцуулах гэх мэт. Төслийн багийн ахлагч Т.Маргад-Эрдэнэ: “Төслөө амжилттай хэрэгжүүлэхэд сурсан чадварууд их тус болж, цаашид илүү их хөгжих, шинийг эрэлхийлэх үүдийг нээж өгсөн гэж боддог. Биднийг ESEL хөтөлбөрт суралцахаас эхлээд төслийн санаагаа гарган, хэрэгжүүлэх хүртэл чиглүүлэн ажиллаж байгаа багш Ч. Дэжидмаад баярлаж явдаг” хэмээн ярилаа.

                                                    

Орчин үед хүмүүс баяр ёслолыг тэмдэглэж өнгөрүүлэхдээ байр орноо төрөл бүрээр чимэглэх, дурсгалын зураг татуулах, булан үүсгэх зэрэгт маш их анхаарал хандуулдаг болсон. Шивээговь сумын хувьд өөрсдийн тэмдэглэлт өдөр, баяр ёслолыг зохион байгуулах тохиромжит газар байдаггүй.  Мөн сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас найз нөхөд, гэр бүлтэйгээ баяр тэмдэглэх нөхцөл боломж хязгаарлагдмал байсны улмаас хүмүүсийн харилцаанд сөргөөр нөлөөлж цахим орчныг илүүд үзэх нэг шалтгаан болсон.

Тиймээс багийнхан хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний баяр жаргалтай цаг мөч, баяр ёслолыг гэрэл гэгээтэй дурсамжаар бүтээх, орон нутгийн иргэд болон үе тэнгийн найз нартаа хайртай дотно хүмүүстэйгээ хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломж нээхээр “Гэрэлт бөмбөлөг” төслийн санаагаа анх гаргажээ. Ингээд багаараа төсөл болгон бичиж уралдаанд оролцон, санхүүжилтээ авсан байна. Багийнханд төслөө хэрэгжүүлэх боломж олгосон тэр өдөр баяр хөөрөөр дүүрэн байв.

“Гэрэлт бөмбөлөг” төслийн багийн гишүүн С. Анунгоо “Бид анх Шивээговь сумын иргэдэд зориулсан бүх төрлийн баяр, тэмдэглэлт ойн арга хэмжээний арын фоныг гоёмсгоор чимэглэх, дуртай үлгэрийн баатруудын багц хувцас түрээслэх, үлгэрийн баатруудтай цуг зураг даруулах зэрэг үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Өнөөдөр сумандаа бүрэн танигдаж үйл ажиллагаагаа явуулаад зогсохгүй өөрсдийн үүлгэрийн баатрын хувцас болон чимэглэлийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд таниулан түрээслэх  үйлчилгээг эхлээд явж  байна” гэж танилцууллаа.

Дурсамж бол хүн бүрийн хамгийн үнэтэйд тооцогддог нандин мөч. Тиймээс төслийн багийнхан хүн бүр аз жаргалтай мөчөө халуун дотно, эерэг уур амьсгалтай өнгөрөөж, хэзээ ч мартагдахгүй гэрэл гэгээтэй дурсамжийг бий болгоосой гэж хүсдэг аж. Төслийн багийн гишүүн Б. Анхилуун “Манай баг хамтдаа өдөр бүр хичээн ажиллаж, хүн бүрийг баярт мөч, дурсамжийг нандигнан инээд баяр хөөр бэлэглэхээр хичээж байна” гэлээ.

“Орон нутгийн өсвөр үеийхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох”  төслийн уриа бол “Харилцан суръя, хамтдаа бүтээе”. Энэ уриа “Гэрэлт бөмбөлөг” төслийнхөнд биелэлээ олж, тэд бие биенээсээ харилцан суралцаж, хамтдаа бүтээж байна. “Гэрэлт бөмбөлөг” төслийнхөн нэр шигээ ирээдүйгээ гэрэл гэгээгээр бүтээж явна.