Төслийн зорилтот хамтарсан багуудад Хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэглэгдэхүүний багц өглөө

Хүүхдийг Ивээх Сан “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг  Улаанбаатар хот, Говь-Алтай, Ховд аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөлд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан баг хамрагдаж байгаа юм.

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн багийнхан 2024 оны 2 дугаар сарын 1-нд нийслэлийн зорилтот 5 дүүргийн 10 хорооны Засаг дарга болон хамтарсан багийнхантай Хүүхдийг Ивээх Сангийн байранд уулзалт хийж, төслийн хэрэгжилтийг танилцуулан, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд зориулсан “Даван туулагч” баримтат уран сайхны киног үзүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний зарим хэрэглэгдэхүүний багц бүхий цүнх гардуулж өглөө.

                                  

Энэ үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон “Энэ төслөөр хамтарсан багийнхан сургууль, эцэг эх, хүүхдүүдтэй хамтран ажиллаж, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, холбон зуучлах, нөхөн сэргээхэд чиглэсэн үйлчилгээг үзүүлэх хамтын ажиллагааны чадвартай болох юм” хэмээн хэллээ.

Уг цүнхэнд хамтарсан багийн өдөр тутмын ажлын хэрэгцээнд шаардлагатай сүүлийн үеийн загварын гар чийдэн, дуу хураагуур, ажлын дэвтэр, эрүүл ахуйн багц, генограммын  шугам, бичгийн хэрэгслийн багц зэрэг зүйлсийг багтаасан юм.

                                 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3-р хорооны нийгмийн ажилтан Ц.Ариундарь “Энэ цүнхэнд хэрэгцээ шаардлагатай зүйлүүд олон байна. Жишээ нь, дуу хураагуур байлаа. Гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийхэд хамгийн их хэрэгцээтэй байдаг. Тухайн үйлчлүүлэгчээс зөвшөөрлийг авсны дагуу яриаг хурааж, улмаар үнэлгээг бүрэн бөглөхөд чухал дэмжлэг гэж харж байна. Эко зураглал, генограмм зурах шугамыг хүртэл өгсөнд талархаж байна. Мөн гэрэлтүүлэг багатай үед  гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийхээр очих тохиолдол их гардаг . Энэ үед гар чийдэн хэрэгтэй” гэлээ.

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөр багш, сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүдийг хүүхдийн сурч, хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар хэрхэн дэмжихэд сургах, сургууль болон хамтарсан багийн хамтын ажиллагааг сайжруулан бэхжүүлэх, улмаар эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхэд хамгааллын асуудалд анхаарч, хүүхэд хамгаалалд идэвхтэй оролцдог практик бий болгох зорилготой юм.