Хүүхдийг Ивээх Сан зудад өртсөн аймгуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Монгол орны нэлээд нутгаар өнгөрсөн 2023 онд зун гантай, ургац бага, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх боломж бага байсан бөгөөд 2024 оны өвөл хүйтний эрч чангарч, их хэмжээний цас орсон байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр өнөөдөр нийт нутгийн 90 хувьд зудын эрсдэл их, 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй судалгаа гарч, их эрсдэлтэй нутаг 20 хувиар нэмэгджээ. Монгол Улсын Засгийн газраас олон улсын байгууллагуудад өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэд, малчдад, шаардлагатай тусламж үйлчилгээ хүргэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан юм.

                                                              

Хүүхдийг Ивээх Сан олон улсын байгууллагуудын санхүүжилтээр өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Увс, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэх гэж байна. 2024 оны 2 дугаар сарын 2-нд төсөл хэрэгжүүлэгч Хүүхдийг Ивээх Сан эдгээр аймгуудын удирдлагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.БаянАлтай “Засгийн газраас гарсан хүсэлтийг хүлээн авсан даруйдаа өвөлжилтийн нөхцөл байдлын үнэлгээг хийсэн. Улмаар бид хамтран ажилладаг олон улсын донор байгууллагуудаас санхүүжилт авч, зудад нэрвэгдсэн 5 аймгийн 15 суманд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гэж байна. Энэхүү тусламжаа 2024 оны 2 дугаар сарын дундаас хүргэж эхлэхээр төлөвлөж байгаа” хэмээн ярилаа.

                      

Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг Их Британийн Старт сан, Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн хүмүүнлэгийн сан, Японы Хүүхдийг Ивээх Сан 295,000 ам.доллараар санхүүжүүлж байгаа юм.