Тэвчээр, төвлөрөл олгож, бие бялдар хөгжүүлэх үндэсний спорт

“Би их сахилгагүй, хичээл дээрээ хөнгөн үймүүлчих маягтай, энэ үедээ амнаас хаа нэг болчимгүй үг гарчих гээд байдаг сурагчдын нэг байсан, үнэнээ л хэлье. Гэхдээ сур харваа гэх үндэсний спортоор хичээллэсэн цагаасаа өөрчлөж эхэлсэн. Аливаад сэтгэлийн хөдөлгөөнөөр биш тунгаан бодож, хариулт өгдөг, аливаад тэвчээртэй болсон” хэмээн ярих хүүг С.Элбэг гэдэг. Тэрээр Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангид суралцдаг юм.

Түүний хувьд 2022 онд ESEL сургалтад хамрагдсан ч бизнесийн санаагаа хараахан олоогүй тул Тэлмэн сумын сургуульд зохиогдсон анхны Пич уралдаанд үзэгчээр оролцжээ. Энэ үеэр найзууд нь өөрсдийн саналаа танилцуулж, шүүгч нарын асуултад түгдрэлгүй хариулж байгааг хараад бахархах сэтгэл төрсөн байна. Нэг өдөр биеийн тамирын зааланд хүүхдүүд шуугилдаж байхаар нь сонирхоод оров. Хүүхдүүд сагс тоглохтой зэрэгцэн физикийн багш Д.Мөнхбаяр нум сум харвах дасгал хийж байгааг хараад, оролдож үзсэн нь азтай тохиол болсон аж. Анх зогсолт заалгаад, нумаа дээш өргөөд зогсоход бие нь чилсэн ч анхаарал зөвхөн өөр дээр нь төвлөрч байгааг ойлгосон байна. Ингээд “Нум сумаар хичээллэж, бусад сурагчдадаа яагаад зааж өгч болохгүй гэж” хэмээн бодоод бизнес санаагаа хэрэгжүүлэхээр ESEL сургалтын зөвлөх Б.Мөнхцэцэг багштай уулзаж, чиглүүлэхийг хүссэн байна.

                             

Ингээд 21 хоногийн дараа болох Пич уралдаанд оролцохоор сур харвааны сургалт явуулах төслийн хамтрагч сурагчдаа олж төслөө бичихээр шийдэв. Төслийн уралдаанд тэнцэнэ гэсэн итгэлтэйгээр Д.Мөнхбаяр багшаараа сур харваа заалгаж цэгц зогсох, сумгүй нум татах дасгалдаа шамдах болжээ.  Тэлмэн суманд болсон 3 дахь Пич уралдаанд 9б ангийн сурагч С.Элбэг, 10б ангийн сурагч Т.Замбалгарвуу, Б.Далантай нарын “Цахим орчноос хөндийрч өв уламжлалаа хадгалъя” төсөл шалгарч, санхүүжилтийн эрхээ авчээ. Пич уралдааны үеэр Үндэсний телевизийн сурвалжлах баг ирж, төслийн уралдааныг сурвалжилсан нь урам зориг өгсөн байна. Төслийн санхүүжилтын 2,8 сая төгрөгөөр 2 шинэ нум, 10 сум, эрхийвч, шууны боолт авч үйл ажиллагаагаа эхлэв. Төсөл бичих явцын судалгаандаа үндэслэж, сур харваагаар хичээллэх сурагчдыг бүртгэхээр завсарлагааны цагаар ахлах, дунд ангиудаар явж 42 сурагч бүртгэсэн ч 10 сурагч дасгалаас шантарч сургалтаа орхив. Үлдсэн 32 сурагч Д.Мөнхбаяр багшийн дасгалжуулалтаар сургалтаа үргэлжлүүлсэн байна.

Пич уралдааны үеэр шүүгчид яагаад нум сум сонгосон талаар асуухад С.Элбэг “Сурагчид утсандаа их цаг зарцуулж байгаа харагддаг. Сургууль дээр утсаа харж яваад нэгийгээ харалгүй мөргөлдөх удаа ч бий. Утасны хамаарал нь нүдний хараа муутгах, хоорондын харилцаа хөндийрөхөөс эхлээд олон сөрөг нөлөөтэй” хэмээн хариулсан нь шүүгчдэд таалагдсан байна. Төслийнхөн нум сумаар хичээллэдэг сурагчид тэвчээртэй, төвлөрөл сайтай болох,  хичээлээ сууж хийж сурах, бие бялдарын хөгжил сайжрах зэрэг олон эерэг өөрчлөлт ирдэг гэдгийг өөрсдөө сайн мэдэрсэн аж. С.Элбэг “Нэрийг нь хэлээд яахав. Сургуульдаа нэлээд үймүүлэгч найз маань хоёр удаа бидний үйл ажиллагааг сонирхох, даажигнах маягтай ирснээ нэг л мэдэхэд сур харвах дуртай болсон. Одоо тэвчээртэй, дөлгөөхөн сурагч болсон тухай манай багш нар бүгд мэднэ. Энэ бол бичил төслийн нэг үр дүн” хэмээн сэтгэл хангалуун ярьж байлаа.

                           

Сур харвах нэг удаагийн дасгал 4-5 цаг үргэлжилдэг бөгөөд 1 цагт 1000 төгрөгийн үнээр  сургалтад хамрагдана. Төсөл үргэлжилсэн 6 сарын хугацаанд нийт 900,000 төгрөгийн орлого олж, ашгаасаа 1 шинэ нум 325,000 төгрөгөөр нэмж авчээ. Хүүхдүүд мөнгөө хадгалах, зөв зарцуулах санхүүгийн чадвартай болсноос гадна ашгаасаа хааяа амттан авч идмээр санагддаг гэдгээ ч нуусангүй. Нэг удаа бүгдээрээ шийдээд 3 өдрийнхөө орлогоор амттан авч гэрийнхнээ дайлахад бүгд баярлаж, бас урам зориг ч өгчээ. Тэдний ESEL сургалтаас авсан хамгийн чухал чадвар бол багаар ажиллах, хүмүүстэй зөв харилцах. Төслөө 6 сар хэрэгжүүлэх хугацаа дууссан ч цаашид сургуулиа төгсөх хүртлээ тогтвортой үргэлжлүүлж, “Тэлмэн домогт мэргэн” харваачдын клуб болгон өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Төслийн багийн гишүүн Б.Далантай “Найзууддаа хандаж өөрсдийн сонирхсон зүйлээ олвол түүнийгээ дагаж, чи өөрөө, дараа бусад нь эерэгээр өөрчлөгддөг” хэмээн захив.

Сурагч Т.Замбалгарвуу “Сур харвааны үеэр удаан зогсдог. Энэ үедээ бие болон сэтгэлийн тэнцвэрээ эхлээд олдог. Хичээллэдэг хүмүүст бодлоо цэгцлэх дасгал болдог гэж багш нар маань хэлдэг” гэлээ.  С.Элбэг “Та төсөөл дөө. Уухайлаад нумаа татаад дээш харахад цэнхэр тэнгэр, тэгээд шувуудаас өөр юу ч харагдахгүй хачин сайхан. Заавал хичээллэж үзээрэй гэж бүх хүнд уриалж байна” хэмээн хэлсэн юм. Энэ үг сур харваагаар хичээллэж үзэхсэн гэсэн бодолд өөрийн эрхгүй хөтөлж байлаа.

Амжилтын түүх бичсэн Завхан салбарын зохицуулагч П.Дөлгөөн