Хүүхдийг Ивээх Сан зудад өртсөн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
-Малчдад бэлэн мөнгө болон малын тэжээл өгнө-
Монгол орны нэлээд нутгаар өнгөрсөн 2023 онд зун гантай, ургац бага, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх боломж бага байсан бөгөөд 2024 оны өвөл хүйтний эрч чангарч, их хэмжээний цас орсон байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр өнөөдөр нийт нутгийн 90 хувьд зудын эрсдэл их, 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй судалгаа гарч, их эрсдэлтэй нутаг 20 хувиар нэмэгджээ. Монгол Улсын Засгийн газраас олон улсын байгууллагуудад өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэд, малчдад, шаардлагатай тусламж үйлчилгээ хүргэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан юм.
Хүүхдийг Ивээх Сан олон улсын байгууллагуудын санхүүжилтээр өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Увс, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэх гэж байна. Хүүхдийг Ивээх Сангийнхан 2024 оны 2 дугаар сарын 6-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд очиж, зудын нөхцөл байдлын үнэлгээ хийв.
Хүүхдийг Ивээх Сангийнхан Хужирт сумын удирдлагууд болон багийн дарга нартай уулзаж, зудын талаарх мэдээлэл авлаа. Тус сумын хувьд 6635 хүн амтай, 1270 малчин өрхтэй, 247,000 малтай. Бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн бөгөөд 2024 оны өвөл их хэмжээний цас орж, мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Өнөөдөр малын бэлчээр тал газартаа 30-40 см, гуу жалгандаа 80-120 см цастай байна. Тиймээс малчид сумын төв рүүгээ голдуу явган болон мориор ирдэг болжээ.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг дарга Д.Батбаяр “Сумын хэмжээнд 200 гаруй малчин өрх отроор явсан. Малын тэжээл үнэтэй учраас малчид худалдаж авахад санхүүгийн хүндрэлтэй байгаа. Аймгаас ирсэн өвс, тэжээлийн тусламжаас нэг өрхөд хоёр боодол өвс, нэг шуудай хивэг хуваарилаж өгсөн. Цасанд хаагдсан замуудаа нээсэн” хэмээн ярилаа.
Зудад өртсөн малчин өрхүүдийн нэг Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4-р багийн иргэн Ч.Ганзоригийнд очлоо. Тэднийх ам бүл тавуулаа, 9-18 насны 3 хүүхэдтэй. Үхэр болон зарим бэлчээрт гарч чадахгүй муудсан ямаагаа хотондоо тэжээж байгаа аж. Ч.Ганзориг “Манайх 6 үхэр, 60 гаруй бог малтай. Нэг машин өвс худалдаж авсан. Одоо бараг дуусаж байна. Цаашид өвс, тэжээлийн хувьд хүндрэлтэй байна. Энэ жил 50 ямаа ишиглэнэ. Цас их орж, хүйтрэхээр малдаа санаа зовж, сэтгэл тавгүй болдог” гэж хэллээ.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсын Засгийн газраас зудын эрсдэлийн талаар олон улсад гаргасан мэдээллийг хүлээж авсан даруйдаа санхүүжилт олох ажлаа эхлүүлсэн. Үүний үр дүнд бид донор байгууллагуудаас тодорхой санхүүжилт авахаар тохирлоо. Малчин өрхүүдэд бэлэн мөнгө болон малын тэжээлийн тусламж үзүүлнэ. Байгаль цаг уурын эрсдэлд орсон олон зуун иргэдэд тусалж буйдаа баяртай байна” хэмээн ярилаа.
Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг Их Британийн Старт сан, Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн хүмүүнлэгийн сан, Японы Хүүхдийг Ивээх Сан 295,000 ам.доллараар санхүүжүүлж байгаа бөгөөд Хүүхдийг Ивээх Сан болон Дэлхийн Зөн ОУБ хамтран хэрэгжүүлэх юм.