Говь-Алтай аймгийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан Хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалт боллоо

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч/даван туулагчдад ээлтэй арга зүйг түгээхээр 2022 онд хүүхэд хамгааллын 11 модуль, гарын авлага боловсруулж, нийслэлийн 5 дүүргийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд зориулан модулийн дагуу чадавхжуулах сургалтыг 2023 оны туршид зохион байгуулсан юм.

Энэхүү сургалт үргэлжлэн 2024 оны 2 дугаар сарын 19-20 өдрүүдэд Говь-Алтай аймгийн Алтай хотноо болж байна. Тус сургалтаар хамтарсан багийн гишүүд болон хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийг жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч/даван туулагчид ээлтэй үйлчилгээ үзүүлэх арга зүйгээр чадавхжуулж байна. Сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн сургагч багш Э.Жаргал, Б.Баярмаа нар зааж, Говь-Алтай аймгийн Дарив сум, Есөнбулаг сумын сум болон багийн хамтарсан багийн гишүүд болон хүүхэд хамгааллын 60 орчим мэргэжилтэн хамрагдлаа.

Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Алтайбаатар сургалтын хэрэгцээ, шаардлагын талаар “Манай байгууллага салбар дундын түвшинд Боловсрол, шинжлэх ухааны газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэ хүрээнд Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажиллаж, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Энэ сургалт нь хамтарсан багийн гишүүд багагүй солигдож, шинэ мэргэжилтнүүдтэй болсон байсан энэ үед үнэхээр цагаа олсон сургалт боллоо” гэж ярилаа.

Сургалтын үеэр оролцогчид зөвхөн суралцаад зогсохгүй өөр хоорондоо сайн туршлагаа солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, арга шийдлийг хамтдаа эрэлхийлсэн нь онцлогтой байсан юм.

Хүүхдийг Ивээх Сангийн сургагч багш Б.Баярмаа “Бид өмнө нь энэхүү сургалтаа Улаанбаатар хотод зохион байгуулж байсан бол анх удаа орон нутагт ийнхүү орлоо. Хот хөдөө хаана ч байсан, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийн хувьд хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн хохирогч/даван туулагчид үйлчилгээ үзүүлэхдээ сэтгэцийн гэмтэл гэж юу болохыг ойлгосны үндсэн дээр, ээлтэй үйлчилгээг үзүүлэх арга зүйг суралцах нь чухал ач холбогдолтой байгаа нь харагдаж байна” гэлээ.

Хоёр өдрийн туршид үргэлжилсэн сургалт оролцогчдод “Ажлаас халшрах хам шинж”-ээс өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах арга замыг таниулснаар өндөрлөсөн юм.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-ын Хадат багийн нийгмийн ажилтан Д.Баасандалай “Сургалтаар үйлчлүүлэгчдээ хэрхэн дахиж сэтгэцийн гэмтэл учруулахгүйгээр зөв, чанартай, ээлтэй үйлчилгээ үзүүлэх арга техникийн суралцлаа. Мөн түүнчлэн бидний ажил бусдын төлөө хэдий ч хүндээ элтэй, чанартай үйлчилгээ үзүүлэхэд мэргэжилтэн өөрөө сэтгэл зүйн хувьд эрүүл, амар амгалан, өөртөө цаг гаргадаг байх нь чухлыг ойлгож авлаа” гэж сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм.

Сургалтын төгсгөлд Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Алтайбаатар, Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар оролцогчдод баяр хүргэж, сертификат гардууллаа.

2024 оны 2 дугаар сарын 22-23 өдрүүдэд Ховд аймагт дээрх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрөөс “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Говь-Алтай аймагт сонгогдсон сумдад хэрэгжүүлж байна.