Говь-Алтай аймгийн нийт сумын сургуулийн дотуур байрны багш нарын төлөөлөл хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх сургалтад хамрагдлаа
Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааныхаа хүрээнд өвөлжилт хаваржилт хүндэрч, зудын нөхцөл байдалд байгаа зарим аймаг сумдын зорилтот бүлгийн малчин өрхүүдэд зориулан мөнгөн тусламж, малын тэжээлээр тусалж, зарим газарт сум хоорондын зам цэвэрлэх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн, зудын хүнд нөхцөлд байгаа таван аймгийн нийт сумдын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш нарт зориулан “Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүй”-н сургалтыг зохион байгуулж эхэллээ.
Байгал цаг уурын хүнд нөхцөлд амьдарч байгаа, алслагдсан хөдөө орон нутгийн малчин өрхүүдийн хүүхдүүдийн сэтгэл зүйг хамгаалах, гэр бүлдээ санаа зовох байдлыг нь хөнгөвчлөн, даван туулах чадварыг нь дээшлүүлэх, хичээлдээ анхааран шамдах итгэл урмыг нь бэхжүүлэхэд тэдэнд зориулсан сэтгэл зүйн анхны тусламж нэн чухал шаардлагатай байдаг тул Хүүхдийг Ивээх Сангийн олон улсын эвслийн сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, Говь-Алтай аймгийн нийт сумдын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш нарт “Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх” сургалтыг Алтай хотноо 2024 оны 2 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Говь-Алтай аймгийн хэмжээнд 19 дотуур байранд 1,172 хүүхэд амьдарч байгаа бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, зудын гамшиг зэрэг хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх аливаа хямралт нөхцөлд хүүхдүүдэд туслах, дэмжих чиглэлээр эдгээр сургагдсан 21 багш шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх юм.
Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн хамгийн ойрын хүн нь багш нар байдаг. Тиймээс хүүхдийн сэтгэлийн зовуурийн хариу үйлдлийг таньж, ойлгон цаг алдалгүй сэтгэл зүйн анхны тусламжийг зөв, чанартай үзүүлж чадвал хүүхдүүдэд гамшгийн хор хохирлыг даван туулах, дасан зохицох чадварыг дэмжсэнээр хүүхдийг богино болон урт хугацааны сэтгэл зүйн аливаа асуудлаас урьдчилан сэргийлэхэд тусалж чадна гэж үзэж байна.