Ховд аймгийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан Хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалт боллоо
Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрөөс хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч/даван туулагчдад ээлтэй арга зүйг түгээхээр 2022 онд хүүхэд хамгааллын 11 модуль, гарын авлага боловсруулж, нийслэлийн 5 дүүргийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд зориулан модулийн дагуу чадавхжуулах сургалтыг 2023 оны туршид зохион байгуулсан юм.
Энэхүү сургалтыг 2024 оны 2 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт, 22,23-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Тус сургалтаар хамтарсан багийн гишүүд болон хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийг жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч/даван туулагчид ээлтэй үйлчилгээ үзүүлэх арга зүйгээр чадавхжуулж байна. Сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн сургагч багш Э.Жаргал, Б.Баярмаа нар зааж, Ховд аймгийн Дарви, Жаргалант сумын сум, багийн хамтарсан багийн гишүүд болон хүүхэд хамгааллын 60 орчим мэргэжилтэн хамрагдлаа.2024 оныг Ховд аймгийн хэмжээнд “Хүүхдэд ээлтэй- Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан олон үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ энэхүү сургалт болж байгаа нь хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд нэн хэрэгтэй, цагаа олсон сургалт болж байгааг удирдлагууд онцолж байв.
Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Д.Түнжээ:
Хүүхэд хамгаалалд хүн бүхний оролцоо чухал. Хуулиар үүрэг хүлээсэн насанд хүрсэн хүн бүр хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчихгүй байхад онцгой үүрэгтэй тул сургалтад цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, хамтарсан багийн бүх гишүүдийн төлөөлөл оролцож байна.
Хүүхдийг Ивээх Сангийн сургагч багш Э.Жаргал:
Хоёр өдрийн туршид үргэлжлэх сургалтаар жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл мөлжлөг, сэтгэцийн гэмтэл, түүнд суурилсан үйлчилгээ болон ажлаас халшрах хамт шинжээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгож, чадавхжуулах юм.
Ховд аймгийн Дарви сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн О.Сэржмядаг:
Хүүхдийг Ивээх Сан Ховд аймагт Хүүхэд хамгаалал, Боловсрол, Хүүхдийн ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдийнхээ хүрээнд төслүүд хэрэгжүүлдэг. Хүүхэд хамгааллын хөтөлбөрөөс “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг тус аймагт сонгогдсон сумдад хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн сургалт нь хүүхэд хамгааллын олон талт хамтрагч, үүрэг хүлээгчдийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хөгжлийн нэмэлт хөрөнгө оруулалт болсон юм.