Малчин өрхүүдэд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжууд
-Энэхүү тусламжид малын тэжээл, мөнгөн тусламж, сэтгэл зүйн сургалт багтлаа-
Манай орны ихэнх нутгаар өнгөрсөн 2023 онд зун гантай, малаа бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх боломж бага байсан бөгөөд 2024 оны өвөл хүйтний эрч чангарч, их хэмжээний цас орсны улмаас өвөлжилт хүндэрч, нийт нутгийн 80 хувь нь зудын эрсдэлтэй болжээ. Монгол Улсын Засгийн газраас олон улсын байгууллагуудад хандан, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэд, малчдад, шаардлагатай тусламж үйлчилгээ хүргэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг 2024 оны 1-р сарын 12-ны өдөр хүргүүлсэн билээ. Иймд Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь салбар болон Дэлхийн Зөн ОУБ хамтран Их Британийн Старт сан, Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн хүмүүнлэгийн сан, Японы Хүүхдийг Ивээх Сан зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Увс, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад 295,000 ам.долларын санхүүжилттэй хүмүүнлэгийн төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Хүмүүнлэгийн тусламж Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймгийг зорилоо
Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн төслийн хүрээнд зорилтот 5 аймгийн 990 малчин өрхөд тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн тусламж, үүний 810 малчин өрхөд 4 шуудай буюу 160 кг хорголжин тэжээл, 500 000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлээд байна. Мөн эдгээр 5 аймгийн бүх сумдын нийт Ерөнхий боловсролын 109 сургуулийн дотуур байрны багш нар, боловсролын газрын мэргэжилтнүүд, гамшиг ослын үед хүүхдэд хамгийн тэргүүнд тусламж үзүүлэх онцгой байдлын албан хаагч нарт зориулан “Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүй” сургалт зохион байгуулахаар төлөвлөн одоогоор 3 аймгийн 74 албан хаагч, багш нарыг сургалтад хамруулаад байна.
Хүүхдийг Ивээх Сан энэхүү тусламжийн анхны цуваагаа 2024 оны 2 дугаар сарын 16-нд Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймаг руу явуулж, аймаг тус бүрт 5-6 гишүүнтэй хүмүүнлэгийн баг ажиллан тусламжаа амжилттай үзүүлээд байна.
Өвөрхангай аймгийн Хужирт суманд…
Хужирт сумаас 60 малчин өрх тусламжид хамрагдсан бөгөөд өрх бүрт нийт 642,560 төгрөг бүхий тусламж үзүүллээ. Үүнд 160 кг хорголжин тэжээл болон 500,000 төгрөгийн мөнгөн тусламж багтаж байна. Тус сум нь 6635 хүн амтай, 1270 малчин өрхтэй, 247,000 малтай. Бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн бөгөөд 2024 оны өвөл их хэмжээний цас орж, мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Тиймээс 200 гаруй өрх өөр сумын нутагт отроор яваа аж. Өнөөдөр малын бэлчээр тал газартаа 30-40 см, гуу жалгандаа 80-120 см цастай байна. Засаг дарга Д.Батбаяр “Малын тэжээл үнэтэй учраас малчид худалдаж авахад санхүүгийн хүндрэлтэй байгаа. Энэ удаа Хүүхдийг Ивээх Сангийн тусламжийг өвөлжилт хүндэрч, зудад өртөөд байгаа тусламж нэн шаардлагатай малчин өрхүүдэд хүргэж байгаа” хэмээн ярилаа.
Малчид тусламжийг цаг үеэ олсон, цаг үеэ олсон тусламж болж байгааг талархан ярилцаж байв. Хужирт сумын малчин Ц.Ганзориг “Манайх 200 гаруй малтай. Манай энд 2023 оны 12 сараас эхэлж цас орсон. Малаа өнгөрсөн 12 сараас эхэлж тэжээгээд өвсөө дуусаж байсан. Маш хэрэгтэй тусламж авлаа. 160 кг тэжээлийг бүх малдаа өглөө, оройдоо 1 удаа өгөхөд 30 хоног хүрэлцэнэ” гэлээ. Харин малчин О.Мөнхзул “Энэ тусламж үнэхээр хэрэгцээтэй байлаа. Манайх 3 ам бүлтэй. Малын мах гэх мэтийн зүйлсийг худалдаж авдаггүй. Тиймээс 500 мянган төгрөгөөр өрхийн наад захын хүнсний жилийн хэрэгцээг хангах боломжтой” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд…
Гучин-Ус сумын 60 малчин өрх хүмүүнлэгийн тусламжийн шалгуур хангаж, малын тэжээл, бэлэн мөнгөний тусламж авлаа. Хүмүүнлэгийн тусламжийг хонин толгойд шилжүүлснээр 400 болон түүнээс цөөн тооны малтай, зудын эрсдэлд өртсөн, олон хүүхэдтэй, өрх толгойлсон, ахмад настай малчин өрхүүдэд хүргэсэн юм. Малын тэжээл тараах, мөнгөн тусламжийн бичиг баримт баталгаажуулах ажлын үеэр Гучин-Ус сумын Засаг дарга Х.Энхтайвантай ярилцлаа. Тэрээр “Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20-ноос 5 удаа цас орж, өвөлжилт хүнд байлаа. Одоо цас нэлээд багасаж байна. Манай сумын эдийн засгийн тулгуур нь мал аж ахуй. Малчид зудад малаа хорогдуулснаар өрхийн амьжиргаа доошилно, суманд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн орлого дагаад буурах эрсдэлтэй. Энэ тусламж цагаа олж ирлээ” хэмээн ярилаа.
Энэ сумын хувьд 2200 хүн амтай, 464 малчин, 60 гаруй мал бүхий өрхтэй. Мөн л зудын нөхцөлтэй, хүйтэн, цас ихтэй байгаа аж. Тусламж авахаар ирсэн 2-р багийн малчин Г.Чулуунтуяа “Манайх ам бүл зургуулаа, 4 хүүхэдтэй. Том хүүхэд оюутан, 3 хүүхэд сургуулийн дотуур байранд амьдардаг. Энэ өвөл зудтай байлаа. Манайх 200 гаруй малтай. Манайх 500 мянган төгрөгийн тусламжийнхаа 200 мянгаар гурил, будаа зэрэг хүнсний зүйлс авч, 300 мянган төгрөгийг нь хүүхдүүддээ зарцуулна” хэмээн ярилаа.
Өвөрхангай аймгийн Богд суманд…
Богд нь аймгийн төвөөсөө 200 гаруй км зайтай байрладаг говийн сум. Нийт 5600 хүн амтай, 7 багтай, 1225 малчин өрхтэй, 306 мянган малтай. Богд сумын ИТХ-ын дарга Т.Цэндсүрэн, 1980-аад оноос хойш ийм их хэмжээтэй цас ороогүй тухай, өнгөрсөн зун гантай, бэлчээрийн гарц муу байсан учраас зуд болж, малын хорогдол гарч эхэлж байгаа, голдуу адуу, үхэр хорогдож байгаа талаар Хүүхдийг Ивээх Сангийнханд танилцуулав. Сумаас малчидтай өмнө нь холбогдож, тусламжид хамрагдсан талаар мэдээлсэн тул тэдгээр 60 малчин сумынхаа төвд цуглаж, тусламжаа хүлээж авлаа. Тэдний нэг болох малчин Б.Адилбиш “Тусламж өгсөн та бүхэнд баярлалаа. Одоо өвс, тэжээлийн хэрэгцээ их байна. Энэ тэжээлийг малдаа 2 сар орчим өгчих байх. Бог малд өдөрт 2 аяга өгнө, бод малд өдөрт 2 шанагыг хошуувчаар өгдөг. Мөнгөн тусламжаараа өвс, тэжээл худалдаж авахаар төлөвлөсөн” гэж хэлэв. Манай багийнхан сумын төвөөс холгүй хаваржиж байгаа малчин Н.Банзрагчийнд очлоо.
Тэднийх гэр бүлээрээ хотондоо шинэ хургаа ялгаж, малдаа тэжээл өгч, завгүй ажиллаж байв. Тэрээр “Энэ жил их цастай, их хүйтэн байна. Өнгөрсөн жилүүдэд гантай, бэлчээрийн гарц муу байлаа. Зундаа бороо орохгүй, өвөлдөө цас ихтэй, ган, зудын давтамж ойртоод байна. Манай бэлтгэсэн өвс, тэжээл багасаж байна. Малчин бүрд тусламж хэрэгтэй байна” хэмээн ярив.
Өвөрхангай аймагт ажилласан Хүмүүнлэгийн тусламжийн багийн ахлагч, Хүүхдийг Ивээх Сангийн Санхүүгийн ажилтан А.Соёл-Эрдэнэ “Хүмүүнлэгийн тусламжийн тэжээлийг малчдад тараах ажлыг гурван сумын удирдлагууд болон багийн дарга нар оролцоо сайтай, сайн зохион байгуулсан. Мөн тус аймгийн Онцгой байдлын албаныхан тусламж хүргэхэд дэмжлэг үзүүлж ажиллсанд талархаж байна. Тус аймгийн тусламж авах зорилтот малчин өрхүүдийг шалгуурын дагуу зөв сонгосон байсан нь бидний ажилд том дэмтэй байлаа” гэж хэллээ.
Нэмэлт мэдээлэл:(2024.02.26) Онцгой байдлын газрын мэдээллээр манай улсын 80 хувь нь зудтай байна. Үүнээс 13 аймгийн 58 сум төмөр зудтай, 17 аймгийн 139 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 сум цагаанаар зудархуу байгаа аж. Өвөрхангай аймагт 16 мянга орчим мал, улсын хэмжээнд 2,2 сая мал хорогдоод байна.