Бодол санаа өсөхийн хэрээр зүрх сэтгэлийн боловсрол хөгждөг

Н.Дуламбаяр ийнхүү хэлсэн юм. Тэрээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р сургуулийн 11 дүгээр ангид сурдаг, 16 настай. Энэ сургуулийн 1000 гаруй сурагчийн нэг. Түүний хувьд өмнө нь өөрийгөө олон хүүхдийн өмнө гарч ярьж чадахгүй, ичимхий, үг дуу цөөтэй хэмээн боддог байсан ч ESEL хөтөлбөрт хамрагдаж, өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн, ямар амжилтад хүрсэн түүхээсээ хуваалцаж байгаа нь энэ.

Н.Дуламбаяр 2019 онд 7-р ангийн сурагч байхдаа сургуулийнхаа “Өсвөрийн сэтгүүлч” сурагчийн оролцооны клубт анх элсэн орж хамгийн бага гишүүн нь болсон байна. Тэрээр  тус клубийн чиглүүлэгч багш, мөн ангийн багш Б.Янжинсүрэнгийн хичээл зүтгэл, олон талын мэдлэг чадварыг нь харж,  бахархаж байжээ. Түүнд ахлах ангийн ах, эгч нар сургуулийн мэдээ, контент бэлтгэж байгааг харахад их чадварлаг санагдана. Дөнгөж суралцаж эхэлсэн, арга эвээ олохгүй байсан болохоор тийнхүү санагдсан биз. Тэр үед буюу 2020 оноос Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р сургуульд Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл хэрэгжиж, дээд ангийн ах эгч нар суралцаж төгсөөд олон сонирхолтой төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.

“Цох” хүүхдийн сонины багийн гишүүд

Дээд ангийнхнысанаачлан хэрэгжүүлж буй сонирхолтой төслүүдтэй танилцаж, ESEL хөтөлбөр гэж юу болох, хэрхэн төсөл бичдэг бол хэмээн  сонирхож, тэднийг хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж буйг хараад бахархах сэтгэл төрөхийн зэрэгцээ тэд нар шиг ESEL сургалтад сууж өөрийгөө хөгжүүлэх ёстой хэмээн ойлгосон аж. Ингээд 2022 оны хавар сургалтад суух хүсэлтээ илэрхийлэн тэнцэж, ESEL сургалтын хөтөлбөрт хамрагдав. Сургалтад хамрагдаж, өөрийгөө олон талаар хөгжүүлээд зогсохгүй өөрийн сонирхлоо “Цох” нэртэй сургуулийн сонин гаргах төсөл болгон, багаараа хамтран бичиж төслийн уралдаанд оролцсон ч эхний удаа тэнцсэнгүй. Гэвч тэдний багийнхан шантралгүй өөрсдийн алдаанаасаа суралцан, төслөө сайжруулан тэтгэлэгт уралдаанд хоёр дахь удаагаа оролцон шалгарч, 2,8 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

Баруун гар талаас: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Дуламбаяр

“Цох” хүүхдийн сонин бага, дунд болон ахлах ангийн гэсэн 3 дугаар улирал тутам гарч, сургуулийн бүх сурагчдад хүрч байна. Н.Дуламбаяр “Цох” төсөлдөө харилцааны менежер болон сониноо гаргахад мэдээ цуглуулж, эх бэлтгэл хийх үүрэгтэй.

Тус багийнхны цаашдын мөрөөдөл бол “Цох” хүүхдийн сониноо өргөжүүлж, сургууль болон аймаг, орон нутгийн шинэлэг мэдээ мэдээллийг бэлтгэн, цаг алдахгүй хүргэдэг аймгийн хэмжээний хүүхдийн сонин болгох юм. Н.Дуламбаяр “Би энэ сургалтад сууж, өөрийгөө илүү ихээр нээж, тал бүрээр хөгжүүлэх боломжтой болсон гэж харж байгаа. Манай оролцооны клуб видео, контент бэлтгэдэг байсан бол улам өргөжиж сургуулийн сар тутмын хэвлэл нийтэлдэг болсноор бид хичээл зүтгэл, цаг зарцуулж олон төрлөөр ажиллах болж чадвараа нэмэгдүүлж байна. Энэ хугацаанд бие, бодол санаа минь өсөхийн хэрээр зүрх сэтгэлийн боловсрол минь ESEL хөтөлбөрөөр дамжуулж өссөн гэж боддог” хэмээн ярилаа.

Түүний хувьд хийж бүтээх зүйл их байх тусам зорилго, тэмүүлэл, хичээл зүтгэлтэй болгож, илүү их хичээж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг сануулдаг байна.

Дашрамд өгүүлэхэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р сургуулийн сурагчид “Оюуны наран”, “Эрүүл бүхээг”, “Digital story”, “EVA”, “Little dreamer”, “Little teachers”, Цох сонин, “Magic box”, “Мэдлэгтэн Монголчууд”, “Бяцхан эрдэмтэд”, “Мөнхтэнгэрийн бичиг”, “Movie club”, “Elite”, “Гараар урлахуй”, “Илтгэх урлаг” гэсэн 15 бичил төсөл амжилттай хэрэгжүүлж байна.