“Know exactly where” буюу “Яг хаана байгаагаа мэдэцгээе” дадлага сургуулилт зохион байгууллаа
Ховд аймгийн Булган сум, Монгол Улс (2024 оны 3 дугаар сарын 6) Хүүхдийг Ивээх сан, Улсын Онцгой комисс хамтран What3words буюу Гурван үгт хаягийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх 10 долоо хоногийн аян хэрэгжүүлж байна. Энэхүү аян нь What3words буюу Гурван үгт хаягийг олон нийтэд таниулах, хэрхэн гар утсандаа суулгах, ашиглах талаар мэдээлэл хүргэх замаар төслийн зорилтот Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд аймгийн 25 суманд амьдарч буй нийт хүүхэд, насанд хүрэгчдийг аюулгүй, бүтээмжтэй амьдрахад нь туслах зорилготой юм.
“Орон нутгийн өсвөр үеийн хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн Энтрепренер клубийн сурагчид сумынхаа Онцгой байдлын хэлтэстэй хамтран энэхүү аяныг амжилттай хэрэгжүүлж байна.
Тус аяны хүрээнд “Know exactly where” буюу “Яг хаана байгаагаа мэдэцгээе” дадлага сургуулилт Ховд аймгийн Булган суманд 2024 оны 3 дугаар сарын 6-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү дадлага сургуулилтад Ховд аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль болон Минжит булган цогцолбор сургуулийн Энтрепренер клубийн 20 сурагч оролцож, сургуулийн эргэн тойронд нуусан Боосай картыг байршил заагч What3words 3 үгт хаягаар дамжуулан олж, нэгэн өдрийг сонирхолтой өнгөрөөлөө.
Мөн энэ өдөр Хүүхдийг Ивээх сан, Ховд Аймгийн Онцгой байдлын газар, Булган сум дахь Цагдаагийн хэлтэс хамтран хөдөө, орон нутагт зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч нарын гар утсанд тус аппликейшн суулгаж, хэрхэн ашиглах талаар заавар зөвлөмж өгөв. Түүнчлэн Булган сумын Нэгдсэн эмнэлэгтэй хамтран аяны дадлага сургуулилт зохион байгуулж, иргэнээс ирсэн дуудлага мэдээллийг тус аппликейшнийг ашиглан байршлыг нь тогтоон яаралтай тусламж үйлчилгээ хүргэв.