Хөдөөгийн суманд оюуны гэрэл нэмсэн “Ном түрээсийн үйлчилгээ” төсөл

Улаанбаатар хотоос 1300 км, аймгийн төвөөс 190 орчим км зайд орших Ховд аймгийн Мөст сум. Энэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Д.Золзаяа, Г.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвсүрэн, Т.Шүрэнцоож нар бол “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” (ESEL) сургалтыг төгсөгчид юм.

Тэд  “Бид ерөнхий боловсролын сургуулиа төгстөл сумаасаа гарч хол явж чадахгүй ч, бидний хэрэгжүүлж буй төсөл хүссэн газраар маань аялуулж, хүссэн зүйлийг мэдүүлж, бидний мөрөөдлийг гэрэлтүүлэгч” гэж бахархалтайгаар ярьж байна. Эдгээр хүүхдүүд төслийн санаагаа олохдоо, “Хүүхдүүд бидний дунд нийтлэг тулгамдаж буй асуудал юу байна, түүнийг шийдвэрлэх арга зам юу байна вэ” гэдэг асуултыг өөрсдөөсөө асуужээ.
Ингээд өнөө үед үүсээд байгаа маш том асуудлын нэг бол ухаалаг утас, дэлгэцийн хяналтгүй хэрэглээ. Үүнээс болж, хүүхдүүд ном унших нь багасаад зогсохгүй бүтээлч сэтгэлгээтэй бус, нийгэмд оролцох оролцоо бага байгаа нь илт болсон хэмээн дүгнэжээ. Мөн суманд хүүхдүүдийн хөгжилд чиглэсэн, утас оролдохоос өөр сонголтыг бий болгох зүйл ховор байгаа тул “Ном түрээсийн үйлчилгээ” байвал зүгээр юм гэдэг санал гаргаж, төслийг чиглүүлэгч Д.Амартүвшин багшаасаа зөвлөгөө авч, хүүхдүүд болон насанд хүрэгчдээс судалгаа авсан байна.

Тэдний түүх ингэж эхэлсэн. Хүүхдүүд Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ном хөлцийт” дэлгүүрээр дамжуулан Улаанбаатар хотын Азхур, Интер номын дэлгүүрүүдээс сүүлийн үед хамгийн их уншиж буй шилдэг борлуулалттой номуудыг сонгож авч Улаанбаатараас Ховдод, Ховдоос Мөст сум руу авч байв. Хамгийн анхны хэрэглэгчид нь ангийнхан, бас найзууд нь.

Гэхдээ бүх зүйл хялбар байсангүй. Номыг зайнаас сонгох, аймгаас сумын машинд дайлгах, уншигчийн хэрэгцээнд нийцүүлсэн сонголт хийх, олон нийтэд хэрхэн таниулах, тээврийн зардлаа багаар төлөвлөсөн гэх мэт бэрхшээлүүд тулгарав. Мөн үйлчлүүлэгчид “Түрээслэх хоног нь арай богино байна. Гурван хоногт түрээсэлсэн номоо уншиж амжихгүй байна” гэсэн хүсэлт ирүүлж эхлэв.

Төслийн багийнхан чиглүүлэгч багштайгаа зөвлөлдөн сумын иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэхийн тулд сумын хүмүүс олноор цуглардаг үйл ажиллагаа, арга хэмжээн дээр номоо дэлгэж тавиад хүмүүст ном түрээсийн үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж,  төслөө олон хүнд таниулахыг зорьдог байна. Түүнчлэн “Ном түрээсийн үйлчилгээ – Мөст сум” гэсэн фэйсбүүк групп нээж сошиалаар дамжуулан номын танилцуулгаа хийж, ямар ном унших хэрэгцээтэй байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлснээр үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, хүмүүс ямар, ямар ном унших сонирхолтой байгааг мэдэж, дараагийн худалдан авалтын төлөвлөлтөө хийсэн.

Багийн санхүү хариуцсан гишүүн Г.Оюун-Эрдэнэ “Орлогын хувьд анх 10 дугаар сард нээлтээ хийж, үйлчилгээгээ эхлээд өдөртөө 50 гаруй мянган төгрөгийн орлого олж байсан. Анхны орлого байсан болохоор үнэхээр их догдолж баярлаж билээ” хэмээн ярилаа.

Багийн ахлагч Д.Золзаяа “Ном түрээсийн үйлчилгээг хүмүүс их сонирхож, уншигчид гоё сэтгэгдэл хэлж, зарим хүүхдүүд номоо өгөхдөө чихэр хүртэл өгч байсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөж, бид нар өөрсдөөрөө бахархаж байсан” гэж хэлээд үргэлжүүлэн “Бизнес талаасаа санхүү хариуцаж ажилласнаас хойш бид их хариуцлагатай болсон. Энэ нь бидний ирээдүйд үнэхээр чухал ач холбогдолтой. Санхүүгийн сахилга баттай байж сурна гэдэг нь бидний ирээдүйд зайлшгүй хэрэгтэй чадвар” гэсэн юм.

“Ном түрээсийн үйлчилгээ” төслийг сургуулийн удирдлага, багш нар, сумын иргэд дэмжиж,  өөрийн захиалах номоо, хүүхдэдээ ямар ном уншуулмаар байгаа талаар саналаа хэлж, зарим нь ямар номыг сонговол зүгээр вэ гэж асууж эхэлжээ. Тиймээс багийнхан номоо санал болгохын тулд уншсан байх шаардлагатай болов. Хүүхдүүд өөрсдөө өдөр бүр уншдаг дадалтай болсон байна. Төслийн үр дүнгийн талаар сурагчдын бүртгэл хариуцсан гишүүн Б.Пүрэвзаяа Бид нар өөрсдөө 12 сард орлогоосоо урамшуулал авч байсан. Тэр үед өөрсдөдөө хийсэн сайн зүйлийн хариу заавал ирнэ. Хичээцгээе гэж хэлж байсан нь бид нарын нэг гоё дурсамж болж үлдсэн” гэж сэтгэгдлээ ярилаа.

Монгол орны баруун хязгаар Алтайн цаст уулс, уулсаар хүрээлэгдсэн Мөст сум. Энэ сумын хүүхдүүд хөдөөгийн буйдхан газартаа нэгэн төсөл эхэлж, сорилт бэрхшээлийг даван туулж, амжилттай үргэлжлүүлж, хүүхдүүд, томчуудын оюунд гэрэл гэгээ нэмж явна.