Угаалгын үйлчилгээ, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах төв нээгдлээ

Олон Улсын Хүүхдийг Ивээх Сангийн бүсийн салбарын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хувцас угаалга, цэвэрлэгээний Баббл Төв” төсөл 2024 оны 3 дугаар сарын 14-нд нээлтээ хийв.  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны “Ар хүрээ” төвийн байранд үйл ажилагаа явуулах уг төсөл нь орон нутгийн иргэдийн хувцас угаалгын үйлчилгээг байгаль экологид ээлтэй шийдлээр хүргэхийн зэрэгцээ олон талт хамтын ажиллагаагаар иргэд, хүүхэд, залуусыг чадавхжуулах олон нийтийн үйлчилгээний төв байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Тус төвийн Зохион байгуулагч ажилтан Ч.Ариунболор “Манай төсөл нээгдсэн цагаас эхлээд цагаан сарын баярыг дуустал иргэд олноор үйлчлүүллээ. Бид сайн чанарын зориулалтын угаалга, хатаалгын ухаалаг машинууд байрлуулсан. Үйлчлүүлэгчид таатай хүлээж авсан байгаа. Манай төвийн угаалгын нунтагийг чанартай, сайн гэж үнэлдэг. Үйлчлүүлэгчдэд зориулж үнэгүй ашиглах компьютер байрлуулсан. Бямба гараг бүр олон нийт рүү чиглэсэн төрөл бүрийн сургалт, арга хэмжээ зохион байгуулна” хэмээн ярьж үйл ажиллагаандаа идэвхтэй оролцохыг уриаллаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны иргэн Ц.Баянжаргал “Би өөрөө астматай учир чанаргүй угаалгын нунтагаар хувцасаа угаавал сэдэрдэг. Тиймээс угаалгын нунтаг сонгоход нэлээд хүндрэлтэй байдаг. Тус төвөөр үйлчлүүлж, өөрийн саналаа илэрхийлэхэд маш найрсагаар хүлээн авч хувцас зайлагч угаалгын нунтаг зэргийг сонголттой хэрэглэх боломж гаргасан тул үйлчлүүлэх дуртай болсон байгаа. Мөн урамшуулал хямдрал зарладаг нь таалагдсан” хэмээн ярилаа.

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй төсөл нь үйлчлүүлэгч бүрийн хувцасны ариун цэврийг хангах иж бүрэн ухаалаг угаалга, хатаалгын машинууд, уурын индүү, үнэгүй хэрэглэх компьютер, сургалт үйл ажиллагаагаар орон нутгийн иргэдэд үйлчлэхээс гадна хүүхэд, залуусын хөгжил, сайн дурын ажлын хөтөлбөр хэрэгжүүлэх юм.  Уг төслөөс хуримтлагдсан ашгийг цаашид хүүхэд хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, байгальд ээлтэй зорилтуудад дэмжлэг үзүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой бөгөөд олон нийтийн үйлчилгээний төвүүд бий болох хүлээлттэй байна.

Хэрвээ та бүхэн төслийн үйл ажиллагаатай танилцан, хамтран ажиллахыг хүсвэл Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны 4-6 тоотод байрлах “Ар хүрээ” төвийн 2 давхрыг зориорой. Мөн 99098432, 80336789 дугаараар холбогдоорой. Мөн манай Bubble төв фэйсбүүк хуудсыг дагаснаар урамшуулал, шинэ үйлчилгээний талаарх мэдээлэл авах боломжтой юм.