“Монгол Улсын бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

(Улаанбаатар хот, Монгол Улс, Япон Улсын Элчин сайдын яам. 2024 оны 3 дугаар сарын 25) Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Монгол Улсын бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх юм.

Энэхүү төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2024 оны 3 дугаар сарын 25-нд Япон Улсын Элчин сайдын яаманд боллоо. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөрийн Азийн бүсийн менежер Мицуаки Тоёода нар гэрээнд гарын үсэг зурав.

Энэ үеэр Элчин сайд Игавахара Масарү хэлсэн үгэндээ “Энэ төсөл нь сургуулийн өмнөх насны тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлэг, хөгжлийн дэмжлэг оролцоог хангахын тулд өрхийн эрүүл мэндийн төвүүд, цэцэрлэгийн барилга байгууламжийн хүртээмжтэй орчин, хүний нөөцийн чадавхыг сайруулахад чиглэж байна. Тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохын тулд зөв цагт зохих арга хэмжээ авах нь чухал тул сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд чиглэсэн энэхүү дэмжлэгт ач холбогдол өгч байна” гэж онцлов. Мөн Японы Хүүхдийг Ивээх сангийн Азийн бүсийн менежер Мицуаки Тоёода “Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсын боловсрол, нийгмийн ажил  болон эрүүл мэндийн салбарт өнөөг хүртэл олж авсан ололт амжилт, мэдлэг туршлагаа ашиглаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжихийн тулд өөрсдийн хүчин чармайлтаа гарган ажиллана. Бид орон нутагт хүүхдэд бага наснаас нь эхлэн тогтвортой, үр дүнтэй дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгохыг зорьж байна” хэмээн хэллээ.

Гарын үсэг зурах ёслолд Японы Элчин сайдын яамны ажилтнууд, Японы Хүүхдийг Ивээх Сан, Эрүүл мэндийн яам, Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн яамны төлөөллүүд тус тус оролцлоо.

Энэхүү төсөл нь нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдний хэрэгцээнд нийцсэн оролцоо, цогц дэмжлэгийг үзүүлэх зорилготой юм.