Сургуулийн сэтгэл зүйчдэд зориулсан чадавхжуулах сургалт боллоо
Боловсролын байгууллага бол хүүхэд хамгааллын тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Сургуулийн багш, нийгмийн ажилтан, бүх ажилтнууд хүүхдийн эрхийг хэрэгжүүлэгч, хүүхэд хамгааллын чиг үүрэгтэй гэдгээ ойлгож мэдсэн, эрсдэлд байгаа болон өртсөн хүүхдийг таньж мэддэг, зохих үйлчилгээг үзүүлдэг, урьдчилан сэргийлэх, даван туулах явцад нь дэмжлэг үзүүлж чаддаг байх нь хүүхэд хамгааллыг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай юм.
Тиймээс Хүүхдийг Ивээх Сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд хүүхэд хамгааллын төрөл бүрийн мэргэжилтнүүд, тэр дундаа сургуулийн сэтгэл зүйчдэд зориулан сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч/ даван туулагчид ээлтэй арга зүйгээр чадавхжуулах цуврал сургалтыг хийж байна.
2023 оны туршид төслийн зорилтот 15 сургуулийн сэтгэл зүйчдийг уг сургалтад хамруулсан бол энэ удаад Нийслэлийн Боловсролын Газартай хамтран тус төсөлд хамрагдаагүй нийт 79 ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчдэд зориулан зохион байгууллаа.
Сургалтын ач холбогдлын талаар Нийслэлийн Боловсролын Газрын Хүүхдийн эрх, хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ ярихдаа “Сургуулийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалтыг Хүүхдийг Ивээх Сантай хамтран 2023 онд мөн, 2024 оны 3 дугаар сарын 25, 26, 29-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг илүү чанартай, хүртээмжтэй байлгах үүднээс энэ удаа ийнхүү цөөн оролцогчтойгоор 3 бүлэг болгон хуваасан юм. Сургалтаар бодит кэйс дээр хэрхэн ажиллахыг онол, практик хослуулан зааж байгаа нь сургуулийн сэтгэл зүйчид цаашид ажлын байран дээр шууд хэрэглэх боломжийг олгох давуу талтай.” гэлээ.
Хүүхдийг Ивээх Сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн зохицуулагч Э.Жаргал сургалтын төгсгөлд хэлэхдээ “Хүчирхийлэлд өртсөн хүүхэд олон талаар гэмтсэн байдаг. Оролцогчид маань гэмтлийн дараах стрессийн эмгэгийн шинж тэмдгийг таних, анхан шатны оношилгоо хийх, эмгэгтэй хүүхдэд сэтгэл зүйн үйлчилгээг чанартай үзүүлэх арга зүйд суралцлаа” гэсэн юм.