Эрүүл бие, эрүүл шүдийг эрхэмлүүлэгч
Архангай аймгийн хөл хөдөлгөөн ихтэй, хүн ам олонтой нэгэн сум. Сумын эрүүл мэндийн төвийн багахан өрөөнд байрлах шүдний тасаг хүн ихтэй, дараалал ч багагүй. Эмч, сувилагч хоёр завгүй ажиллаж, үйлчлүүлэгчдэд тусламж үзүүлж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсээр. Архангай аймгийн Тариат сумын Эрүүл мэндийн төвийн шүдний кабинетын эмч Б.Пүрэвдуламын амжилтын түүх эндээс, энэ тасгаас эхэлсэн юм.
Зуныхаа амралтаар мэргэжлээ солихоор шийдэв
Б.Пүрэвдулам 2010 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн сувилахуйн ангийг эх баригч мэргэжлээр төгсөж, Тариат суманд хоёр жил ажиллаад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмчилгээний ангид сурахаар болжээ. Шинэхэн оюутан 1-р курсээ төгсөөд зуныхаа амралтаар сумынхаа Цагааннуур багийн эмчээр ажиллав. Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газар, “Денан” төслөөс багийн эмч нарт явуулсан сургалтад оролцсон байна. Тухайн үед түүнд Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Денан” төслөөс шүдний эмчээр үргэлжлүүлэн суралцах, гурван жил сургалтын төлбөрийг нь төлөх, төгсөөд ирэхэд нь иж бүрэн тоног төхөөрөмжтэй шүдний кабинет байгуулж, ажлын байраар хангах санал тавьжээ. Ингээд 2013 оны намраас ангиа сольж, шүдний эмчээр суралцах болов. Бүх ангиудын 1-р курсийн хичээлүүд адилхан болохоор ангиа солиход ямар нэг бэрхшээл гарсангүй. Ийнхүү Б.Пүрэвдулам 2017 онд сургуулиа төгсөөд Тариат сумандаа таван ажил тогтвортой ажиллана гэсэн аймгийн Эрүүл мэндийн газар, Хүүхдийг Ивээх Сантай гурвалсан гэрээ байгуулан ажлаа эхэлсэн юм.
Эмчээ хүлээсэн шүдний шинэхэн кабинет
Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлэгт 2012 оноос эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Энэ үед Тариатын Сум дундын эмнэлэгт өөрийнх нь иргэдээс гадна эргэн тойрны Цахир, Хангай, Чулуут, Өндөр-Улаан зэрэг сумдын 15-17 мянган иргэн үйлчлүүлдэг ч шүдний мэргэжлийн эмч, кабинет байсангүй. Хүмүүс шүдний эмчилгээ, үйлчилгээ авахын тулд аймгийн төв болон Улаанбаатар хот руу 600 гаруй км явж, эмчилгээ хийлгэдэг байв. Шүдний эмчилгээ өөрийн онцлогтой. Хэд хэдэн удаагийн давтамжтай эмчилгээ хийлгэх шаардлага гарна, дунд нь завсарлана. Тэр бүхэнд дахин дахин аймгийн төв, нийслэл хот явах болно. Үүнээс болж зарим хүн шүдээ эмчлүүлж амжихгүй, бас дутуу эмчлүүлэх тохиолдол ч гарна. Тиймээс “Денан” төслөөс шүдний кабинет байгуулж, Б.Пүрэвдуламыг 2017 онд сургуулиа төгсөөд сумандаа ирэхэд иж бүрэн, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий кабинет хүлээж байлаа. Энэ кабинетэд суурин бор машин, компрессор, рентген аппарат, багаж ариутгах шүүгээ, ариутгасан багаж савлагч төхөөрөмж зэргээр тохижуулж, шаардлагатай материалаар хангасан байв. Ийнхүү Сум дундын эмнэлэгт цоорлын болон сувгийн эмчилгээ, шүдний рентген, шүд авах болон бусад жижиг мэс ажилбар хийх нөхцөл бүрдсэн аж.
Зорилгоо тодорхойлж, төлөвлөсөн ажлуудаа эхлэв
Анх түүнийг шүдний эмчээр очиход Архангай аймгийн Тариат сумыг тойрсон бүх суманд шүдний эмч байсангүй. Хүмүүс шүдээ өвдөхөөр нь очиж авахуулдаг гэсэн ойлголттой байв. Олон жил эмчгүй байсан тул насанд хүрэгчид шүдний архаг үрэвсэлтэй, эмчилгээ авах боломжгүй шүдтэй хүмүүс ч их байжээ. Суурин газрынхан хөдөөнийхнийг эрүүл, бүтэн цагаан шүдтэй гэж боддог. Б.Пүрэвдулам ч анх ийм бодолтой очиж байсан аж. Гэтэл эсрэгээрээ хүүхэд, насанд хүрэгчид амны хөндийн эрүүл мэндээ сахих анхан шатны мэдлэг багатай байлаа. Шүдээ эрхтэн гэж боддоггүй, өвдөж цоорвол авахуулдаг гэсэн бодолтой хүмүүс олон байх нь тэр. Б.Пүрэвдулам сумынхаа сургууль, цэцэрлэгийн 900 гаруй хүүхдийг үзлэгт оруулахад 98 хувь нь шүдний цооролттой байсан нь өвчлөлийн нэлээд өндөр үзүүлэлт. Түүнээс хойш жил бүр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд шүдний урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хийж, хүүхэд бүрт мэдээллийн сан үүсгэдэг болжээ. Жишээ нь, Цэцгээгийн хэдэн шүд цоорсон, хэдэн шүд ломбодсон, хэдэн шүд нь авагдсан гэх мэт. Тайлан мэдээгээ гаргаад дараа нь хүүхдүүдэд сургалт явуулна. Мөн багш нар, эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсролын талаар сургалт явуулж, сурталчилгаа хийдэг болжээ. Үүний дараа хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдөж, мэдлэг сайжирч, урьдчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол хамрагдаж, шүдээ өвдөж хүндрэхээс нь өмнө эмчлүүлэх нь нэмэгдэв. 2020 оноос хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахаар сумынхаа Засаг даргын Тамгын газартай хамтран “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” арга хэмжээ зохион байгуулж байна.
Эрүүл шүдийг эрхэмлүүлэх түүх үргэлжилсээр
Архангай аймгийн Тариат сумын эмнэлгийн шүдний кабинет эмч, сувилагч гэсэн цомхон багаар ажилладаг. Эмч, сувилагч хоёр тасаг дээрээ цаг зохицуулалтаа хийдэг байна. Тэрээр өдөрт дунджаар 20 гаруй, заримдаа үүнээс ч олон хүн эмчлүүлэх тохиолдол бий. Тэдний хувьд тусламж үйлчилгээгээ хүн бүрт хүргэх нь чухал. Хүмүүс утсаар яриад цагаа товлодог учраас дараалал чирэгдэл багатай. Гэхдээ зарим үед хүндрэлтэй өвчтөнд 1-2 цаг үзлэг, эмчилгээ хийх тохиолдол ч гарна. Тариат сумын эмнэлгийн шүдний кабинетыг загвар болгон Чулуут, Төвшрүүлэх, Их тамир, Хайрхан суманд шинээр байгуулж, эмч ажиллаад цөөхөн сар өнгөрч байгаа аж.
Б.Пүрэвдулам: Би өнгөрсөн долоон жилийн хугацаанд сувилагч Т.Цогзолмаатай хамт давхардсан тоогоор 20 гаруй мянган хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн тооцоо бий. Анх 2017 онд ажлаа эхлээд сумынхаа цэцэрлэг, сургуулийн хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж дүгнэхэд шүд цоорох өвчний тархалт 98% нь байсан бол одоогийн байдлаар 83% болтол бууруулсан үр дүнтэй байгаа. Тиймээс хүүхдийн өвчлөлийг бууруулах зорилгоор ЗДТГ-тай хамтран “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” арга хэмжээ зохион байгуулж, 7 болон 12 насны зорилтот насны хүүхдийн дунд шүд цоорохоос урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна. Мөн жил бүр цэцэрлэгийн нэг ангийн хүүхдийн шүдийг эмчлэн, эрүүлжүүлдэг. Хүмүүсийн шүдээ эрүүл байлгах дадал хандлага өөрчлөгдөж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эмчилгээгээ цаг хугацаанд нь хийлгэдэг болсон. Кабинетын тоног төхөөрөмжийг “Денан” төслийн санхүүжилт болон эмнэлгийн төсвөөр сайжруулж, шинэчлээд явж байна. Төгсөлтийн дараах сургалт бага байгаа нь орон нутгийн эмч нарт тулгардаг нэг бэрхшээл. Манай эмнэлэгт өргөтгөлийн барилга баригдаж байгаа. Үүний дараа кабинетаа томруулж, багаж, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрийнхөө ур чадварыг дээшлүүлэн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийг зорьж байна.
Түүний хувьд өнөөдрийг хүртэл зорилгоо биелүүлж, үр дүнгээ харж байгаа болохоор урамтай ажилладаг. Тогтвор суурьшилтай ажиллаж байгаа гол шалтгаан нь ч энэ. Б.Пүрэвдулам болон тэдний тасгийнхан амжилтаар арвин. 2018, 2019 онд “Оролцоот эрүүл шүд аян”-д шүдний кабинет нь тэргүүлж, Б.Пүрэвдулам 2019 онд аймгийн эмч нарын дунд явуулсан онол, практикийн бага хуралд “Сургуулийн насны хүүхдийн шүд цоорох өвчин ба өнөөгийн байдлыг судалсан дүн” илтгэлээрээ 3-р байранд орж, 2019 онд байгууллагын шилдэг эмч болж, 2020 онд Эрүүл мэндийн яамны Жуух бичгээр шагнуулав. Түүнчлэн 2023 оны аймгийн шилдэг эмч, сумын шилдэг ажилтан болж, 2023 онд дөрвөн жилийн судалгааны үр дүнгээ танилцуулсан илтгэлээрээ онол, практикийн бага хуралд 1-р байр эзэлж, гадаадад аялах эрхээр шагнуулсан байна. Тэрээр 2018-2020 онд “Сургуулийн хүүхдийн шүд цоорох өвчин ба биеийн өсөлтийн хамаарлыг судалсан дүн” сэдвээрээ Анагаах ухааны магистр хамгаалжээ. Өнөөдөр зөвхөн Тариат биш тойргийнхоо сумын хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилготой ажиллаж байна. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Эрүүл бие, эрүүл шүдийг эрхэмлүүлэгч эмч Б.Пүрэвдуламын амжилтын түүх үргэлжилсээр…