“Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн тэмцээн – 2024”-д эх орноо төлөөлөн оролцох багууд шалгарлаа

Хүүхдийг Ивээх Сан, Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллагатай хамтран 2017 оноос хойш зохион байгуулж буй “Global Youth Entrepreneurship Challenge” буюу “Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн тэмцээн” 2024 оны 4 дүгээр сарын 7-нд Улаанбаатар хот болон цахим орчинд зохион байгуулагдлаа. Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой GYEC тэмцээнийг Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар 2019 оноос дэмжлэн ажиллаж байна.

Англи хэл дээр явагдсан уг тэмцээний эхний шатны шалгаруулалтад Улаанбаатар хот болон орон нутгийн 12 сургуулийн 19 баг оролцсоноос сүүлийн шатанд 7 багийн 60 гаруй сурагч шалгарсан юм.

                    

Оролцогч 7 баг тухайн өдрийн өглөө 07:00 цагт өгөгдсөн “Хэт их хэрэглээний нийгэм, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашигласан шинэлэг санааг гарган бизнесийн төлөвлөгөө боловсруулах” сэдвийн хүрээнд 10 цагийн дотор бизнес санаагаа боловсруулж, түүнийхээ дагуу бүтээгдэхүүний загвар гаргаж, бизнес төлөвлөгөөгөө танилцуулж өрсөлдөв. Сурагчид олон  сонирхолтой бизнесийн шийдэл, загвар бүтээгдэхүүн боловсруулж, шүүгчдэд танилцуулан питч хийсэн юм. Тэмцээний шүүгчээр Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Хөгжлийн Шийдэл ТББ-ийн Гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын мэргэжилтэн Э.Халиун нар ажилласан юм.  Уралдааны дүнг танилцуулах үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Шүүгчид 5 чиглэлээр оноо өгч дүгнэсэн. Шинэ санаа, шинэ технологи хэр зэрэг нэвтрүүлсэн, санхүүгээ ямар байдлаар төлөвлөсөн, үйлдвэрлэлээ хэрхэн төлөвлөсөн, маркетинг болон зах зээлийн судалгаа, харилцаа зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэсэн байгаа” хэмээн хэллээ.

Тэмцээний тэргүүн байранд Team Achievers баг хуванцар материал боловсруулах санаа дэвшүүлж тэргүүлсэн юм. Удаах байранд One Yurt баг хиймэл оюун ухаан ашиглаж, хуучин хувцасаа дахин загварчлах санаагаар, харин 3-р байранд Jimmy Neutron баг 3D хэвлэгчээр байшин барих төслөөр тус тус шалгарлаа.

                    

Тэмцээний эхний гурван байр эзэлсэн багууд Япон Улсын “Center for Entrepreneurship Development” байгууллагаас зохион байгуулдаг Олон Улсын Өсвөрийн Энтрепренерүүдийн Уралдаанд (Global Youth Entrepreneurship Challenge-2024) эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.

Тэмцээний ялагчид дараах шагналын эзэд боллоо. Үүнд:

  • I байр – Цом, мөнгөн шагнал /400,000₮/, Олон улсын тэмцээнд оролцох эрх
  • II байр- Мөнгөн шагнал /300,000₮/, Олон улсын тэмцээнд оролцох эрх
  • III байр- Мөнгөн шагнал /200,000₮/, Олон улсын тэмцээнд оролцох эрх

Тэмцээнд тэргүүлсэн Team Achievers багийн ахлагч, Шинэ эхлэл сургуулийн сурагч Ц.Жамьяандорж “Бид багаараа ярилцаад, хуванцар хог хаягдлыг 2 хэсэгт хуваагаад нэг хэсгийг нь 3D материал хийдэг болгож, нөгөө хэсгийг нь бензин, газ болгох бизнес санаа гаргаж тэмцээнд оролцсон. Бүх гишүүд тэмцээндээ жигд оролцсон байгаа. Олон улсын тэмцээнд энэ бүрэлдэхүүнээрээ оролцоно” гэлээ. Тэгвэл найзуудаараа баг болж, уралдааны 2-р байрт шалгарсан One Yurt багийн ахлагч, Шинэ эхлэл сургуулийн сурагч Б.Тэмүүлэн “Хүмүүсийн хуучин хувцасыг хиймэл оюун ухаан ашиглаж, дахин шинэ загвартай хувцас гаргаж өгөх санаа боловсруулсан. Бид анх удаа уралдаанд орлоо” гэж ярив. Мөн Томүжин алтернатив сургуулийн сурагч, Jimmy Neutron багийн ахлагч Б.Маргад “Манай баг 10-12 дугаар ангийн сурагчдаас бүрдсэн 8 гишүүнтэй. Бид 3D хэвлэгчээр байшин барьдаг технологийг илүү сайжруулаад зах зээлд гаргах бизнес модель төлөвлөж уралдаанд оролцсон. Одоо хүмүүст тулгарч байгаа сэдвээр олон санаа гаргаж тэмцээн зохиох нь нийгэмдээ тустай” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Олон Улсын Өсвөрийн Энтрепренеруудын Тэмцээн (Global Youth Entrepreneurship Challenge-2024) 2024 оны 5 дугаар сарын 25-нд болно.