Хамтарсан багт үзүүлэх ажлын байрны зөвлөн туслах үйлчилгээний хаалтын үйл ажиллагаа боллоо

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл нь охидыг хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэлээс эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсролын үйлчилгээгээр дамжуулан хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд бэлгийн хүчирхийллийн хохирогч/даван туулагчид үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийг чадавхжуулахад онцгой анхаардаг юм.

Төслийн хүрээнд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэстэй хамтран нийслэлийн 5 дүүргийн 24 хорооны хамтарсан багийн гишүүдэд ажлын байрны зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, кэйс хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Ингэхдээ 2023 оны 5-р сараас 2024 оны 4-р сарыг хүртэл дээрх 24 хороодын хамтарсан багийн гишүүд болон нийгмийн ажилтнуудад 153 удаа ажлын байрны зөвлөгөө өгч ажилласан байна. Тухайн нийгмийн ажилтанд чадамжийн гарааны үнэлгээ хийж, үнэлгээнд суурилан төлөвлөгөө боловсруулан, түүнийхээ дагуу ажлын байрны зөвлөгөө өгч ажилласан нь хэрэгцээ шаардлагад нь нийцсэн ажил болж чадлаа. Хамтарсан багийн ажлын байрны зөвлөн туслах үйлчилгээний хаалтын үйл ажиллагаа 2024 оны 4-р сарын 12-ны өдөр болов.

                                                 

Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа нийгмийн ажлыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж ирлээ. Манай Хүүхэд хамгааллын хөтөлбөрөөс хүүхэд хамгаалалд анхан шатанд салбар дундын бүтэц буюу хамтарсан багаар ажиллах хэрэгтэйг 21 жилийн өмнөөс бид таниулж ажилласан байна. Ажлын байрны зөвлөн туслах үйлчилгээг бид олон жил үзүүлж ирлээ. Энэ төслийн хүрээнд бид зорилтот 24 хамтарсан багийг сэтгэцийн гэмтэлд суурилсан даван туулагчид ээлтэй үйлчилгээний арга зүйгээр чадавхжуулснаараа  онцлог байлаа” гэв.

Хаалтын үйл ажиллагаанд ирсэн хамтарсан багийн гишүүд, нийгмийн ажилтнууд зөвлөн туслах үйлчилгээ, кэйс хэлэлцүүлэгт оролцсоноор гарсан өөрчлөлт, ахиц дэвшил, туршлагаа хуваалцсан юм.

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нийгмийн ажилтан Г.Урантуяа “Хороодод мэргэжлийн биш нийгмийн ажилтнуудад ажиллах нь элбэг байдаг. Тиймээс бидний хувьд зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсанаар мэдэхгүй, эргэлзээтэй байсан зүйлсийн гаргалгааг олох, кэйс бүрдүүлэлтийг журмын дагуу хийж, түргэн, үр дүнтэй шийдвэрлэхэд маш том дөхөм боллоо” гэж ярилаа.

Ажлын байрны зөвлөн туслах үйлчилгээний зэрэгцээ дүүрэгт суурилсан 25 удаагийн кэйс хэлэлцүүлэг зохион байгуулж, үүнд хамтарсан багийн 264 гишүүд оролцов. Кэйс хэлэлцүүлгээр нийгмийн ажилтнууд шийдвэрлэхэд хүндрэлтэй кэйсүүдийг бусадтайгаа хэлэлцэж, харилцан туршлага солилцож, гарц гаргалгаа хайж, олж байсан нь чухал үр дүн байлаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр кэйсийг хэрхэн танилцуулахаас эхлээд нийгмийн ажилтын ёс зүйн хэм хэмжээ, нууц хадгалалт, аюулгүй байдлаа ханган ажиллах, хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллах арга зүй гэх мэт сэдвээр мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгсөн юм.

Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, хөгжил, хамгааллын хэлтсийн мэргэжилтэн М.Баярмаа “Бид энэ үйл ажиллагаанд хамрагдсанаар цаашид төсөлд хамрагдаагүй бусад хороод дээр зөвлөн туслах үйлчилгээ, кэйс хэлэлцүүлгийг явуулах арга зүйгээр чадавхажлаа. Ер нь энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол явуулснаар ажлын үр өгөөжийг нэмэгдэхээс гадна, тухайн ажилтны сэтгэл зүйд эерэг нөлөөтэй нь харагдаж байсан юм” гэлээ.

Барианы судалгааны үр дүнгээс харахад нэг жилийн хугацаанд үргэлжилсэн ажлын байрны зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсанаар 24 хорооны хамтарсан багийн гишүүд, нийгмийн ажилтнууд файл бүрдүүлэлт, маягт бөглөх арга зүй тал дээр нийтлэг ахиц гарсан байна. Мөн түүнчлэн хамтарсан багийн гишүүд, нийгмийн ажилтнууд илүү чанартай, ёс зүйтэй, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд  чадавхажсан, цаашид энэхүү үйл ажиллагааг өөрсдөө бие даан хэрэгжүүлэх мэдлэг, арга зүйтэй болсон нь энэ ажлын гол үр дүн байлаа.

Хүүхдийг Ивээх Сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд хэрэгжсэн хамтарсан багт үзүүлэх ажлын байрны зөвлөн туслах үйлчилгээ ийнхүү өндөрлөж, төслийн багийн зүгээс хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжсэн багц хэрэглэгдэхүүн гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.