“Үйлдвэрлэгч хүүхдүүд” сургуульд суурилсан энтерпрайз төсөл Хархорин суманд хэрэгжиж эхэллээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургууль дээр “Үйлдвэрлэгч хүүхдүүд” сургуульд суурилсан энтерпрайз төслийн нээлт 2024 оны 4 дүгээр сарын 18-нд боллоо. Энэхүү сургуульд суурилсан энтерпрайз төсөл нь “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн “Сургуульд суурилсан энтерпрайз” санаачилгын хүрээнд үйл ажиллагаа явуулах ерөнхий боловсролын зургаа дахь сургууль болж байгаа юм. “Үйлдвэрлэгч хүүхдүүд” сургуульд суурилсан энтерпрайз нь ахлах ангийнхны радио электроник, ухаалаг хогийн сав, давсан урлал, дунд ангийнхны цүнхний багц, хуруу хүүхэлдэй, бага ангийнхны шидэт ундаа төсөл дээр суурилсан байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн менежер Ё.Нямдаваа, төслийн Өвөрхангай аймгийн зохицуулагч Г.Батцэцэг, төслийн бизнес көүч Б.Сүрэн, Хархорин сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн, Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Лхагвадулам,  Өвөрхангай аймгийн БШУГ-ын сургалт, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Э.Батаа, МҮХАҮТ-ын Өвөрхангай аймаг дахь салбар танхимын дарга Б.Ууганбаяр, Өвөрхангай аймгийн БШУГ-ын мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнэ, “Өрнөх Мэргэн” ХХК-ийн захирал Д.Чадраабал, Хархорин сумын ЕБ-ын 2-р сургуулийн захирал Г.Энхрийцэцэг, Хархорин сумын Гүнзгий сургуулийн захирал Б.Даваамаа болон сургуулийн багш нар, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

   

Төслийн менежер Ё.Нямдаваа нээлтэд оролцогчдод хандан “Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл Хархорин сумын 3 сургууль дээр хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд хүүхдүүдэд нэлээд хөгжил өөрчлөлт гарсан. Энэ танхимд тэдний хийсэн зарим бүтээгдэхүүнүүд тавигдсан байна. Та бүхэн үзэж сонирхоорой. Төслийн хүрээнд гарсан нэг шинэлэг зүйл бол сургуульд суурилсан энтерпрайз гэсэн ойлголт. Энэ бол сургуулийн багш нар, хүүхдүүд бүгдээрээ нийлээд боломжоо ашиглаад тодорхой үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийн, олсон орлогоо хүүхдүүдээ хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулья, сургуульд сурсан зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлье гэсэн санаачилгаа юм. Сургуульд суурилсан энтерпрайз бол зөвхөн Монголд бий болж байгаа санаачилга биш. Олон улсад сургуульд суурилсан энтерпрайз шалгаруулдаг уралдаанууд явдаг болжээ. Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийг тэр сүлжээнд холбогдож, олон улсын хэмжээний сургуульд суурилсан энтерпрайз болоорой гэж ерөөж байна” хэмээн хэллээ. Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирал Г.Энхрийцэцэг “ESEL хөтөлбөрийг манай сургуулийн 8-12 дугаар ангийн 228 сурагч төгссөн юм. Төгсөгч хүүхдүүдээс найман баг бичил төсөл бичиж, 25 сая төгрөгийн санхүүжилт авсан. Эдгээр төслүүд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд сургуульд суурилсан энтерпрайзийн суурь нь болгож байгаа юм. Энтерпрайз төслөөр сурагчдын оролцоонд тулгуурласан, нутаг бүсийнхээ хэмжээнд танигдсан бизнес үйл ажиллагаатай сургууль бий болгох, сургуулиараа үйлдвэрлэгч байх зорилготой. Бизнесийн үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдүүдийг амьдрах ухаанд сургана. Бидний алсын хараа бол бүс нутгийн тогтвортой бизнесийн гараа бий болгохыг зорьж байгаа” гэж ярилаа.

   

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL хөтөлбөрийг төгссөн сурагчдыг төлөөлөн 12б ангийн сурагч Г.Эрхэмсанаа үг хэллээ. Тэрээр “Бид ESEL хөтөлбөрт хамрагдаад “Төгс зохицол” төслөө амжилттай хэрэгжүүлж байна. ESEL нь надад үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа суралцах, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх зэрэг олон ур чадвар эзэмшүүлэхээс гадна санхүү, бизнесийн мэдлэгтэй болгодог учраас маш сайн хөтөлбөр юм. Шинэ зууны иргэдэд байх ёстой зөөлөн ур чадварыг энэ хөтөлбөрөөс олж авч чаддаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

“Үйлдвэрлэгч хүүхдүүд” сургуульд суурилсан энтерпрайз төслийн нээлтэд Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн сурагчид морин хуурын аялгуу эгшиглүүлж, урлаг, спортын тоглолтуудаа үзүүлэв. Оролцогчид нээлтийн дараа Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн ESEL хөтөлбөрт хамрагдсан сурагчдын “Радио электроник”, “Хуруун хүүхэлдэй”, “Цүнхний шинэ эрин”, “LTS радио”, “Давсан урлал”, “Өсвөрийн сурвалжлагч”  зэрэг  бичил төслийн хүрээнд хийсэн бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, сурагчдын санал сэтгэгдлийг сонсов.

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2019 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд хэрэгжиж байна. Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд өсвөр үеийн хүүхэд, залуусыг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхээр зорьж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн “Үйлдвэрлэгч хүүхдүүд” сургуульд суурилсан энтерпрайз нь “Орон нутгийн нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, Энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн 53 сая.төгрөгийн санхүүжилтээр байгуулагдсан бөгөөд ижил төстэй энтерпрайз төслүүд Ховд аймгийн Зэрэг, Завхан аймгийн Тэлмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулиуд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль, Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын 1-р сургуульд тус тус хэрэгжиж байна.