Эцэг эхчүүдэд зориулсан сургалт, үе тэнгийнхний дунд нөлөөллийн ажил орон нутагт зохион байгууллаа
“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар эерэг ойлголт, зөв хандлагыг төлөвшүүлэх, дунд ангийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагч нарт хүүхдийн хэрэгцээнд суурилсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх ур чадварыг эзэмшүүлэх зорилготой сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг 2024 оны 4 дүгээр сарын 8-27-нд зохион байгууллаа.
Дээрх үйл ажиллагаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 1-р сургууль, Эрдэнэмандал, Өлзийт сумын ерөнхий боловсролын сургууль, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1-р сургууль, Дарьганга, Түмэнцогт сумын ерөнхий боловсролын сургууль, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-р сургууль, Баянгол, Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургууль, Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 2-р сургууль, Баруунтуруун, Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн 4229 сурагч хамрагдсан байна.
Сурагчид “Хамтдаа суралцъя”, “Хамтдаа тоглоё”, “Хамтдаа хөгжье” уриан дор бочигийн тэмцээнийг зорилтот сургуулиуд дээр зохион байгуулж, тэмцээний ялагчдад шагнал гардууллаа. Бочи нь Монголын паралимпийн хорооны албан ёсны спортын төрөл бөгөөд бүх насны хүүхэд тоглоход тохиромжтой юм. Спортоор дамжуулан үе тэнгийн хүүхдүүдийн нөхөрлөл, хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх, бие биенээ дэмжих баг болон ажиллах, багийн гишүүддээ туслах зэрэг эерэг уур амьсгалыг бүрдүүлж чадлаа.
Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны сургагч ээж нар болон мэргэшсэн багш нар зорилтот сургуулийн дунд ангийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагч нарт хүүхдийн хэрэгцээнд суурилсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх ур чадварыг эзэмшүүлэх, хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх агуулгаар сургалт зохион байгуулж, 84 эцэг эх асран хамгаалагч хамрагдлаа. Сургалт харилцан ярилцаж, зөвлөн туслах хэлбэрээр явагдаж сургалтын дараах үнэлгээг оролцогч бүрт хийв.
“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд чиглэгдэх бөгөөд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин Сайдын Яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), БНСУ-ын Олон улсын Хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), Хүүхдийг Ивээх Сан болон Монгол дахь хөгжлийн бусад түншүүд энэхүү хөтөлбөрийг дэмжин ажилладаг.