Урлагийн сэтгэл засалч, мэргэжилтнүүдийн анхдугаар уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн II дайны үед урлагийн сэтгэл засал анхлан үүссэн гэж үздэг. Тухайн үед хүмүүс “урлаг”-ийн төрлүүд болох дуу, бүжиг, зураг зэргийн тусламжтайгаар сэтгэлээ сэргээн, тайвширдаг байсан ба энэ нь сэтгэл заслын эмчилгээний чухал төрөл болсон байна. Дэлхий дахинаа урлагийн сэтгэл засал нь 80 гаруй жилийн түүхтэй ч манай орны хувьд харьцангуй шинэ салбар юм. “Урлагийн сэтгэл засалч” мэргэжил нь 2022 онд ХНХЯ-ны Сайдын тушаалаар Монгол Улсын Ажил мэргэжлийн жагсаалтад орсноор, тус улсад мэргэжлийн арт терапи буюу урлагийн сэтгэл засалч мэргэжлийг хөгжүүлэх суурь албан ёсоор тавигдсан байна.

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрөөс бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор урлагийн сэтгэл засалчдын  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх боломжит арга замыг нээн илрүүлэх анхдугаар уулзалт, хэлэлцүүлгийг Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо, Урлагийн сэтгэл заслын судлалын үндэсний төвтэй хамтран 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

                       

Тус уулзалтад урлагийн сэтгэл заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сэтгэл зүйч, мэргэжилтнүүд оролцсон юм. Уулзалтын эхний хэсэгт 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбооны тэргүүн В. Бэрцэцэг “Арт терапи буюу урлагийн сэтгэл заслын өнөөгийн хөгжил”, Урлагийн сэтгэл заслын судлалын үндэсний төвийн тэргүүн Б.Нарантулга “Монгол Улсад урлагийн сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа зорилтот бүлгүүд, тэдний хэрэгцээ”, “Асах гэрэл” төрийн бус байгууллагын сэтгэл зүйч Э.Дөлгөөн “Аутизм оноштой бага насны хүүхдэд урлагийн сэтгэл заслыг ашиглаж буй нь”,  МУБИС-ийн Нийгмийн ажлын арга зүйн тэнхимийн багш Х.Өлзийтунгалаг “Монгол Улсад нийгмийн ажилтан мэргэжлийн үүсэл, хөгжил, бэрхшээл, сургамж” сэдвээр тус тус сонирхолтой илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм.

                       

Харин удаах хэсэгт оролцогчид Монгол Улсад урлагийн сэтгэл зүйг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, сайжруулах гарц шийдлийн талаар бүлгээр ажиллаж, санаа бодлоо хуваалцав. Хэлэлцүүлгээс урлагийн сэтгэл заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, мэргэжилтнүүд хоорондоо мэдээлэл солилцон хамтран ажиллах, харилцан туршлага солилцдог байх, мэргэжлийн лицензтэй болох, төрөл бүрийн бүлэгт хүрч ажиллах урлагийн сэтгэл заслын арга зүйн богино болон урт хугацааны сургалт тогтмол зохион байгуулах, олон нийтэд сэтгэл зүйн боловсрол олгох зэрэг саналууд гарч, цаашид ажил хэрэг болгох тал дээр хамтран ажиллахаар тохирчээ. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэг нь салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, гарц гаргалгааг хайж олсон төдийгүй олон талын оролцоог хангасан анхны уулзалт болсноороо онцлогтой боллоо.

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн зүгээс 2022 оноос  хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэхдээ Арт терапи арга зүй ашиглах цуврал сургалтыг сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудад зохион байгуулж ирсэн юм.