Хүсэл эрмэлзэл, мөрөөдөл зорилгоо нэгтгэсэн Энтрепренер клубийнхэн
Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд 5 аймгийн зорилтот сумуудад нийт 41 Энтрепренер клуб ажиллаж байгаагийн нэг нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн Энтрепренер клуб юм.
Эдгээр сурагчид бол тус клубийн гишүүд. Тэднийг нэг хүсэл эрмэлзэл, зорилго, мөрөөдөл, сонирхол нэгтгэж, үе тэнгийн хүүхэд багачуудад, хүмүүст, орон нутагтаа сайн сайхан зүйлийг бүтээн, түүгээрээ бахархах сэтгэл урам зориг нь болдог. Харин энэ бүхэн тэдний суралцаж төгссөн, өөрчлөлт шинэчлэлийн эринд амьдрах иргэдэд нэн хэрэгцээтэй багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох зэрэг олон ур чадвар, мэдлэг олгосон ESEL хөтөлбөрөөс эхлэлтэй. Хархорин сумын Ерөнхий боловсролын Гүнзгий сургуульд Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл амжилттай хэрэгжиж, ESEL хөтөлбөрийн төгсөгчид өөрсдийн саналаар Энтрепренер клуб байгуулжээ. Гишүүд нь 9-12 дугаар ангийн сурагчдын төлөөллөөс бүрдсэн аж.
Клубийнн ахлагч, 12-р ангийн сурагч Б.Бундмаа: Эцэг эхчүүд таатай хүлээж авдаг
Бид эхлээд Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL хөтөлбөр, тэндээс суралцсан зүйлүүд болон клубийнхээ талаар эцэг эхчүүдэд танилцуулах сургалт зохион байгуулсан. Мөн, 2024 онд клубийн гишүүдийн тоо нэмэгдсэн учраас гишүүд хоорондоо харилцан суралцах, мэдээлэл солилцох зорилгоор “Team bonding” арга хэмжээг санаачлан, төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулсан байгаа. Клубийн гишүүдийн эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрсдийгөө хөгжүүлэх чиглэлээр суралцаж байгаа болохоор таатай хүлээж авдаг.
Тэдний зохион байгуулсан Team bonding арга хэмжээ клубийн гишүүдийн хооронд эв нэгдэл, итгэлцэл бий болгох, бие биеэ илүү сайн мэдэх, эерэг уур амьсгал бүрдүүлэх, дурсамж бүтээх, багийг нэгтгэн бүрдүүлэхэд чухал үүрэгтэй байлаа. Түүнчлэн гишүүд хамтдаа аливаа асуудлыг шийдэх, сорилт бэрхшээлийг даван туулахад нэгдмэл байх боломж бүрдүүлжээ. Энтрепренер клубийн гишүүдэд бусдаас давуу тал олон бий. Учир нь тэдний хувьд ESEL хөтөлбөрөөр ур чадвараа хөгжүүлж, санхүү, бизнесийн ухаанд суралцан, төсөл бичиж, санхүүгийн тэтгэлэг аван бизнесийн санаагаа хэрэгжүүлж байгаа сурагчид.
Энтрепренер клубийнхэн өөрсдийгөө хөгжүүлэх, сургууль, орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулахад чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тухайлбал, Өвөрхангай аймагт байгуулагдах Ид шидийн оронд хандив босгох аяныг энэ оны 6 дугаар сард зохион байгуулах гэж байна. Түүнчлэн “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг сургууль дээрээ дэмжин ажиллаж, what3words байршил тогтоох аппликейшн нутгийн иргэддээ түгээж байгаа юм. Мөн сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд мэдээллийн хуудас байршуулж, түүгээр дамжуулан хүүхдүүдэд хэрэгтэй мэдээллийг түгээх болжээ. Энэхүү мэдээлэл англи хэлний шинэ үг, сайн үйлсийн уриалга гэх мэтийн өргөн хүрээтэй. Клубийн үйл ажиллагаа сайн дурынх болохоор гишүүдийн оролцоо чухал. Тиймээс тухайн ажлаасаа шалтгаалаад багаар хуваагдах зэргээр зохион байгуулалт хийдэг.
Клубийн шинэ ахлагч, 9-р ангийн сурагч Л.Золзаяа: Бэрхшээл бага гардаг
Гишүүд 2 долоо хоногт нэг удаа 2 цаг хүртэлх хугацаатай уулзалт товлодог. Тэр үедээ багаараа ярилцаад ажлын төлөвлөгөө гаргана. Зарын чанартай зүйлүүдээ “Өсвөрийн Энтрепренер клуб” групп дээрээ байршуулна. Уулзалтаа номын сан, сул чөлөөтэй байгаа анги танхимд хийнэ. Мэдээж санхүүжилт, хугацаагаа тооцоолоод аль болох боломжтой ажлуудаа сонгодог. Тиймээс бэрхшээл бага гардаг. Хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа сургуулийн цахим хуудсаар дамжуулан тогтмол мэдээлдэг.
Энтрепренер клубийн гишүүдийн зарим нь төгсөх ангийн сурагчид. Тиймээс гишүүдээсээ шинээр ахлагч, дэд ахлагч нараа сонгож, үйл ажиллагаагаа залгамжлуулахаар шийджээ. Илүү урт хугацаанд, тууштай ажиллах байдлыг тооцоолж, 9-р ангийн дүү нараасаа ахлагч, дэд ахлагчаа сонгосон нь Л.Золзаяа, Б.Сумьяасүрэн нар юм. Хархорин сумын Ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн сурагчид тэднийг завгүй байдаг, нийгмийн идэвхтэй, бүтээлч хүүхдүүд гэж ойлгодог аж. Тус сургуульд ESEL сургалт төгссөн хүүхдүүдийн Morty, Papertown, Granola, Polypop, Doctor colors зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж байна. Клубийнхэн Morty, Doctor colors төслийн багийнхантай хамтран “Хайртай хувцсаа дахин амилуулъя” арга хэмжээ зохион байгуулжээ. 2024 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан төслийн уралдаанаас 9-10-р ангийн сурагчдын LYRA багийн “Bath bomb” төсөл шалгаран 3.5 сая төгрөгийн санхүүжилт авах эрхтэй болж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж. Тус төслийн банны бөмбөлөг, давс үйлдвэрлэх үйл ажиллагааг клубийн хүүхдүүд мөн дэмжин ажиллаж, хайрцаг сав бэлтгэхэд тусалж байна.
Нийгмийн ажилтан Н.Долгорсүрэн: Гишүүдийн оролцоонд тулгуурлана
Би Өсвөрийн Энтрепренер клубийн чиглүүлэгч багшаар ажиллаж байна. Клубийн үйл ажиллагаа гишүүдийнхээ сонирхол, оролцоонд тулгуурлаж байгаа. Сургуулиуд дээр жил бүрийн 10 дугаар сард хичээлээс гадуурх үйл ажиллагаа эхэлдэг. Тиймээс өнгөрсөн 2022 оны намар сурагчид 11 гишүүнтэй клубээ байгуулсан. Түүнээс хойш сурагчид нэмэгдсээр одоо 30 гишүүнтэй болсон. Миний хувьд шаардлагатай үед нь зөвлөгөө өгч, дэмжих байдлаар ажилладаг. Хүүхдүүд өөрсдийн санаачилсан үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, илүү үр дүн гаргадаг.
Сурагчид өөрсдийнхөө оролцоонд тулгуурлан Энтрепренер клуб байгуулах, үйл ажиллагаа явуулах, хоорондоо нэгдэх, хамтарч ажиллах нь өөрөө амжилт, сайн эхлэл юм. Дашрамд өгүүлэхэд Энтрепренер буюу Entrepreneur гэдэг үг нь Франц хэлний хийх, оролдох гэсэн утгатай entreprendre гэсэн үйл үгнээс гаралтай гэдэг. Тиймээс сурагчид ч өөрсдийн байгуулсан клубээрээ дамжуулан хүүхдүүд, иргэд, нийгэмд тулгарч байгаа бэрхшээлийг шийдэх, гарц хайх эрэл хайгуул хийж байна.