What3words буюу Гурван үгт хаягийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх 10 долоо хоногийн аян зохион байгууллаа

Улсын Онцгой Комисс (УОК), Хүүхдийг Ивээх Сан (ХИС) хамтран What3words буюу Гурван үгт хаягийг олон нийтэд таниулж, гар утсандаа хэрхэн татаж авч, суулгах талаар мэдээлэл хүргэх зорилготой 10 долоо хоногийн аяныг 2024 оны 01-р сарын 29-нөөс 4-р сарын 05-ны хооронд Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд аймгийн зорилтот 36 сумдад зохион байгууллаа.

Аяныг Аймгийн Онцгой Комисс (АОК)-ын дэмжлэгтэйгээр Сумын Онцгой Комисс (СОК) болон Ерөнхий боловсролын сургууль (ЕБС), Мэргэжлийн боловсролын сургууль дээрх хүүхдийн оролцооны Энтрепренер клуб, ЕБС-ийн дэргэдэх Өсвөрийн аврагч болон Өсвөрийн санхүүч клубүүд хамтран зорилтот сумдад амжилттай хэрэгжүүлэв.

                           

Тус 10 долоо хоногийн хугацаанд хүүхэд, насанд хүрэгчид рүү чиглэсэн дараах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Үүнд:

  • What3words буюу Гурван үгт хаягийг Монголд хэрэгжүүлэгч байгууллагууд болох Онцгой байдлын ерөнхий газар болон What3words багийн хамт олон аппликейшны талаарх танилцуулга сургалтыг Энтрепренер клубийн гишүүд, СОК-ын гишүүд, сургуулийн багш нар, аймгийн АОК-ын холбогдох мэргэжилтнүүд, ХИС-ийн ажилтнуудад зохион байгуулав.
  • What3words буюу Гурван үгт аппликейшнийг нийт 36 сумын сургуулийн сурагчид, багш нар, эцэг эхчүүд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, бусад иргэдийн гар утсанд нь суулган өгч, хэрхэн ашиглах талаар мэдээлэл хүргэв.
  • What3words буюу Гурван үгт хаягаа хэрхэн олох, хэрхэн өөрийн байршлаа мэдээлэх талаарх 37 төрлийн видео, 14 фэйсбүүк reels, 24 постер бэлтгэж, хаягийг олон нийтэд таниулах цахим нөлөөллийн ажил зохион байгуулав.
  • What3words буюу Гурван үгт хаягаа ашиглан гэмт хэрэг зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг хэрхэн цаг алдалгүй, төвөггүй өгөх талаар хүүхэд, насанд хүрэгчдийг чадавхжуулах зорилготой “Яг хаана байгаагаа мэдэцгээе” дадлага, сургуулилт зохион байгуулав.
  • Сурагчдын амралтаар өөрийн аав, ээж, асран хамгаалагч нар болон хамаатан садангийн хүмүүсийнхээ утсанд What3words аппликейшнийг суулгаж өгч, хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгөх зорилготой “1 хүүхэд-2 хүнд” хөдөлгөөнийг өрнүүлэв.
  • 10 долоо хоногийн аяны эргэн дүгнэх, туршлага солилцох цахим зөвлөгөөнийг 5 аймаг тус бүрд 2024 оны 04-р сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулав.

Аяны үр дүнд  17801 хүүхэд, өсвөр үеийнхэн, 14101 багш нар, эцэг эхчүүд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд болон бусад иргэд What3words буюу Гурван үгт аппликейшны талаар мэдээлэлтэй болж, аппликейшнийг гар утсандаа суулган ашиглаж байна.

                         

 Аяныг хамтран хэрэгжүүлсэн оролцогч талуудын сэтгэгдлээс:

Ховд аймгийн Мөст сумын ЕБС-ийн Энтрепренер клубийн гишүүн О.Халиунаа: What3words аппликейшнээ хүүхдүүд багш нар, эцэг эхчүүдэд танилцуулахад бүгд их дуртай, сонирхож байсан нь хамгийн гоё байсан. Би өөрөө ч гэсэн энэ аппликейшнээ ямар амархан байршил зааж өгдгийг улирлын амралтын үеэр мэдээд маш их баярласан. Манай гэр хөдөө байдаг. Интернэтгүй, утасны сүлжээтэй. Улирлын амралтын үеэр манайд хотоос хамаатны хүмүүс маань ирэх болсон юм. Зам зааж өгсөн ч сайн ойлгохгүй байсан, тосож авах хэрэгтэй байсан ч тосож авах хүн байгаагүй. Тэр үед би аппликейшнээ санаад гэрийнхээ гурван үгт хаягыг тэдэнд хэлэхэд тэд ашгүй аппликейшнийг мэддэг, гар утсандаа суулгасан байсан учраас манай гэрийг олоод ирсэн. Энэ чинь бид нарт маш их хэрэгтэй юм байна ш дээ гэдгийг тэр үед хамгийн сайн ойлгосон.

Завхан аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа Х. Баярсайхан: Аливаа гамшгаас, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэдэг нь заавал насан хүрсэн, тодорхой ажил алба эрхэлсэн хүмүүсийн үүрэг биш, олон нийтийн хийгээд сурагч багачууд, өсвөр үеийнхэний оролцоо маш чухал гэдгийг тод харуулсан аян байлаа.

Өвөрхангай аймгийн Уянга сумын ЕБС-ийн Энтрепренер клубийн гишүүн Б. Наранцацралт: What3words аппликейшнийг эхлээд сурахад хэцүү мэт санагдаж байсан боловч цааш нь хүмүүст зааж өгөөд байх тусам ашиглахад амархан санагдаж байлаа. Манай гэрийнхэн хөдөө амьдардаг тул энэ аппликейшин нь маш их хэрэгтэй санагдаж, би аав ээждээ хэрхэн ашиглахыг зааж өгөхөд гэрийнхэн маань тун их баяртай хүлээж авч байсан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Энтрепренер клубийн ахлагч Б. Бундмаа: Клубийн гишүүд бид өөрсдөө санаачлан What3words-ийн талаар сургалт, мэдээлэл хийснээр техник хэрэгсэл, технологитой зөв харьцах, нотолгоо баримт цуглуулах чадвараа хөгжүүлж чадсан. Мөн, бусдад  мэдлэгээ хуваалцах нь өөрт илүү их мэдлэг болдог гэдгийг ойлгож мэдэрсэн бөгөөд багийн хамтын ажиллагаа  ямар чухал вэ гэдгийг энэхүү аянаас ойлгож авлаа.

Ховд аймгийн Булган сумын ЕБС-ийн  Энтрепренер клубийн гишүүн Г.Гантогтох:

Анх хүүхдүүд What3words аппликэйшнийг суулгахгүй ээ, миний датаг дуусгачихна эсвэл энэ аппликэйшнийг суулгачих юм бол өөр хүн шууд миний байгаа газрыг мэдчихдэг юм байна гэх мэт буруу ойлголттой байсан болохоор гар утсандаа аппликэйшнийг суулгах дургуй байсан. Тэр үед интернэтээр ажилладаггүй, бас чи өөрөө л хэлж өгөхгүй бол чиний байгаа газрын гурван үгт хаягыг өөр хүн шууд мэдэж чадахгүй гэдгийг нь сайн ойлгуулж, илүү сайн тайлбарлах ёстой юм байна гээд манай клубийн гишүүд илүү сайн ажиллаж эхэлсэн. Ингээд манай сургуулийн хүүхдүүд ч зөв ойлголттой болж, аппликэйшнээ суулгаж, ашиглаж эхэлсэн.

Завхан аймгийн Тэс сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан, Энтрепренер клубын чиглүүлэгч багш Ш. Баасанжав:Суманд амьдардаг сурагчдын ихэнх нь амралтын үеэр хөдөө гэртээ туслахаар явдаг, замдаа зорчих үед бид эрсдэлд хэзээ ч орж болно, сүлжээ барьдаггүй газар манай суманд бага байдаг тул тус аппликейшныг ашиглаад бид өөрсдийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж чадах болсондоо баяртай байна.

Мөн, аяныг удирдан хэрэгжүүлсэн Энтрепренер клубийн сурагчид “Энэхүү аяны хүрээнд хүүхэд, багачууд, эцэг эхчүүд, багш нар, сумын нийт иргэдэд what3words аппликейшнийг ашиглах талаар нөлөөллийн ажил хийсэн нь  бид бүхний нийгмийн идэвх оролцоог дээшлүүлж, сургуулийн төдийгүй орон нутгийн түвшин дэх тулгамдсан асуудлуудыг олж харж, шийдвэрлэж, бусдад нөлөөлж чадах юм байна гэдэг урам зоригийг өглөө” хэмээн аяны дүгнэх уулзалтын үеэр сэтгэгдлээ хуваалцав.

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд 5 аймгийн зорилтот сумуудад нийт 41 Энтрепренер клуб ажиллаж байна.