Хүүхдийн тусламжийн 108 утас аппликейшнтэй боллоо

Хүүхдийн тусламжийн утас олон улсын байгууллага 2003 онд байгуулагдаж, өнөөдөр хүүхдийн төлөө тэмцэж, тэдний дуу хоолойг өсгөж буй дэлхийн хамгийн том олон улсын хамтын нийгэмлэг болжээ. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 168 орны 173 хүүхдийн тусламжийн утас үйл ажиллагаа явуулж байна. Манай улсын хувьд 2005 онд “Дотно утас 1979” нэртэйгээр байгуулагдаж, 2014 онд “Хүүхдийн тусламжийн 108 утас” нэртэйгээр Монгол Улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлэхээр, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,  хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр цахим мэдээлэл, нөөц боломжийг бий болгох тухай зорилт 3-ын хүрээнд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болон “Дижитал Индастри” ХХК-тай хамтран аппликейшнийг хөгжүүлсэн байна. Аппликейшн хөгжүүлэгчдийн зүгээс “Хүүхдийн утас 108” аппликейшнийг Плэйстор болон Аппсторт тус тус байршуулсанаар, 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ХГБХХЕГ-ын хурлын танхимд албан ёсны нээлтээ хийлээ.

                     

Хүүхдийг Ивээх Сангийн ХХХЭЗХ-дийн менежер Э.Цолмон нээж үг хэлэхдээ “Өнгөрөгч 10 жилийн хугацаанд олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор үүсэн бий болж хөгжиж ирсэн Хүүхдийн тусламжийн утас 108 бол хүчирхийлэлд өртсөн хүүхэд, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдээлэх хэн бүхний зүгээс холбогдох хамгийн нийтлэг суваг бөгөөд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд нэн шаардлагатай дэд бүтэц байж, үүргээ сайн биелүүлж ирлээ. Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдийг эрт илрүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд шаардлагатай тусламж үйлчилгээг нэн даруй мэргэжлийн түвшинд үзүүлэхэд мэдээлэх сувгийг нэмэгдүүлэх нь чухал бөгөөд үүнд орчин үеийн техникийн дэвшилтэт боломжуудыг ашиглаж байгаагийн нэг жишээ нь Хүүхдийн тусламжийн утас 108 аппликейшн юм. Тус аппликейшн бол зөвхөн эрхийн зөрчлийг мэдээлэхээс гадна, мэдээлэл авдаг өргөн боломжуудыг санал болгож байгаагаараа онцлогтой боллоо. Одоо хүүхдүүд иргэд, олон нийтдээ түгээж танилцуулах хэрэгтэй байна. Цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдэд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа улам бүр сайжирч, техникийн илүү өргөн боломж бий болно гэдэгт итгэж байна”  гэсэн юм.

                        

Тус аппликейшнийг орчин үеийн техник технологийн дэвшлийг агуулсан, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, хэрэглэхэд хялбар байдлаар бүтээсэн аж. Онцлог, давуу талын талаар Хүүхдийн тусламжийн 108 утасны зөвлөх, сэтгэл зүйч Б.Азжаргал “Энэ аппликейшн Монгол, Англи, Казах 3 хэл дээр хэрэглэх боломжтой тул хэн ч хэрэглэх боломжтой, хүртээмжтэй. Мөн түүнчлэн хүүхэд хамгааллын талаар мэдээлэл авах, аппликейшнээр дамжин тусламжийн утсанд дуудлагаар болон мессэжээр шууд холбогдох, зөвлөгөө, тусламж авах, сэтгэл зүйн сонжоо бөглөх зэрэг дэд цэсүүд оруулснаар хүүхэд хамгааллын цогц үйлчилгээг нэг газраас, түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж байна” хэмээн ярив.

Ийнхүү “Хүүхдийн тусламжийн 108 утас” байгуулагдсаны 10 жилийн ойгоор аппликейшнтэй болж, хүүхэд хамгааллын үйлчилгээг илүү өргөн цар хүрээнд, цаг хугацаа, орон зайг үл хамааран түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж, цаашлаад хүүхэд бүхэнд хүрч ажиллах боломж нэмэгдлээ.